Тоо уншдаггүй, “толгой” таньдаггүй камер
...Нэгэн гадаадын иргэнийг ресторанд хооллож байхад нь сэтгүүл зардаг хүүхдүүд орж ирээд, ууж байсан савтай усыг нь албаар газар унагаачихаж. Энэ зуур IPhone маркийн гар утсыг нь хулгайлаад зугтаасан хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Хотын төвд байрлалтай тус рестораны дотоод болон тухайн орчны гудамж талбайд суурилуулсан камерыг цагдаа нар шүүж үзсэн. Гэвч зүс царай нь сайн танигдахгүйн улмаас хэн гэдгийг нь тогтоож чадалгүй өнгөрчээ.
...Миний нэг танил орой ажлаасаа тараад гэртээ харих замдаа 10 орчим сая төгрөгийн үнэ бүхий зургийн аппаратаа урт гартнуудад шүүрүүлээд хоцров. Яг тухайн газарт хяналтын камер байсан боловч шөнө болсон учраас мөн л царай зүс нь танигдахгүй хохирч үлджээ.
Европын өндөр хөгжилтэй орнуудын нэг Англид нэг хүн өдөрт дунджаар 300 камерт дүрээ үлдээдэг гэсэн статистик байдаг аж.
42 камерыг нийт 400 гаруй сая төгрөгийн өртгөөр суурилуулжээ
Харин өнөөдөр манай гудамж, талбайд суурилуулсан камерын ихэнх нь тухайн хүний хэн болохыг таньдаггүй, автомашины улсын дугаарыг арайхын ялгадагт иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь телекамер нь хүний ажлыг хөнгөвчилсөн, аливаа хөдөлгөөн, дулааныг мэдэрдэг байх ёстой. Орчин үед камерууд улам өндөр нарийвчлалтай болж, харанхуйд ч өдөр мэт харах чадалтай болоод байгаа. АНУ, Япон зэрэг хөгжингүй орон бүү хэл ӨМӨЗО-ы хотууд олон улсын стандартад нийцсэн өдөр ч, шөнө ч тухайн объектыг ялгаж чаддаг, хүйтэнд өөрийгөө дулаацуулах хүчтэй. Тэрчлэн сүлжээний утсанд нь гэмтэл гарсан тохиолдолд өөр эх үүсвэрээр дүрсээ бичиж, санах ойдоо хадгалдаг камерыг нэвтрүүлжээ. Гэтэл манайд камерын стандарт гэж хуучирсан аналог системд суурилсан байдгийг Стандартчилал хэмжил зүйн газрын албаны хүн хэллээ.
Хотын гудамж, зам талбайд камер суурилуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн чиг хандлагыг даган Улаанбаатар хот нэгдсэн камерын хяналтын төвтэй болох зорилгоор 2010 оноос камержуулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ нь тухайн үедээ олон хэл ам дагуулсан түүхтэй. 15 жилийн хугацаатай үргэлжлэх төслийн хоёрдугаар үе шат энэ онд ч үргэлжлээд явж байна. Өнгөрсөн хугацаанд Офицеруудын ордноос Таван шар хүртэлх төв замыг бүрэн камержуулсан төдийгүй нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийг холбожээ. Мөн Эрдэнэт, Дорнод, Хэнтий, Орхон, Дархан-Уул, Булган, Завхан, Говь-Алтай аймгийг камераар тоноглосон нь сайн талтай. Харамсалтай нь, хүний нүүр царай, автомашины дугаар таньдаггүй мөнөөх л камерыг улсын төсвийн мөнгө үрэн байж, суулгаад хэрэг байна уу.
Камер суурилуултын “Сектех” компанийн инженер Б.Адарсүрэн “Өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн 120 цэгт 240 камер суурилуулсан.
Харин энэ жил нэмээд 42 камерыг нийт 400 гаруй сая төгрөгийн өртгөөр суурилуулаад байна. Бидний суурилуулж буй камерууд орчны хэв журам хамгаалах зориулалттай. Түүнээс хүний нүүр царай таньдаг нь биш. Гэрэлтүүлгийн сайн муугаас шалтгаалж зарим үед нүүр царай, автомашины дугаар тодорхой харагддаг” гэв.
Улаанбаатар хотын авто замын 29 уулзварт суурилуулсан камер ердөө нэг км-ийн радиуст камерын дуран харсан зүгт гарсан осол, зөрчлийг л бичдэг. Камерын дуран өөр тийш харсан тохиолдолд ард нь хүн дайраад зугтаж байсан ч илрүүлэх боломжгүй. Түүнээс гадна өвлийн улиралд царцана. Камер нь эргэхгүй байх, дуранг нь цас, утаа тортог бохирдуулах, нарны өөдөөс харахаараа, эсвэл оройн цагаар гэрэл өөдөөс нь тусахаар бичлэг хийж болдоггүй гээд олон дутагдалтай. Миний хувьд гэхэд л өнгөрсөн таксинд гар утсаа мартаад буусан юм. Ингээд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камераар жолоочийн машины улсын дугаарыг шүүлгүүлэх гээд очлоо. Үнэндээ хэчнээн татаад ч тоо нь уншигдахгүй, камер нь бүдэг бадаг харагдаж байсныг нуух юун.
“Эхний ээлжинд бид гэмт хэрэг ихээр үйлдэгддэг нийтийн эзэмшлийн зам талбайд камер тавьж байна. Иргэд камерын чанар муу, бичлэг хийдэггүй гэж гомдоллодог. Гэхдээ техникийн шинэчлэл, байнгын урсгал засвараа сайжруулаад хийгээд явж байгаа. Хамгийн гол нь камер тавих газар нь гэрэлтүүлэг сайтай байх ёстой. Цагдаагийн байгууллага хууль сахиулах үүрэгтэйгээс бус үйлдвэрлэл үйлчилгээ, засвар эрхэлдэг байгууллага биш. Тэгэхээр бид гэрэлтүүлгийн асуудлыг хариуцдаггүй” хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн хэлэв.
Тэрбээр “Урьд өмнө нь аливаа гэмт хэрэг гарахад үзсэн харсан хүн байгаа эсэхийг тогтооход хэцүү байлаа. Тэр дундаа авто замд эзэнгүй осол олноор гарна. Ингээд бид тус ослыг үзсэн харсан хүн байвал тэр дугаарын утсанд холбогдох тухай зар тавина. Одоо бол ийм зар гарахгүй болсон нь камерын тусламжтай хэрэг илрүүлдэг болсны тод жишээ. Зөвхөн гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэргийг хянахад 80 гаруй камер ажиллаж байна. Камер тавьснаас халаасны хулгай багассан” гэлээ.
Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг гэлцдэг. Өмнө нь 101, 102, 103-ын утас тус тусдаа мэдээлэл хүлээн авдаг байсан. Тэгвэл одоо нэгдсэн байдлаар авдаг болсон нь камерын системтэй холбоотой аж. Тодруулбал, гал түймрийн утас руу хэн нэгэн залгаад хуурамч дудлага өгч тоглодог байсныг хүн бүр мэднэ. Одоо Хайлааст, Яармаг, цаашлаад Баянзүрхийн Цагаан даваанд гал гарлаа гэхэд камерын системээр үнэн, эсэхийг нь хянадаг болжээ. Хамгийн сүүлийн судалгаагаар Улаанбаатар хотыг бүхэлд нь хянадаг аж ахуйн нэгжийн камерыг оруулаад нийт 70 гаруй хувьтай хянаж байна гэсэн цагдаагийн байгууллагын тооцоо байна.
Төмөр замын цагдаагийн хэлтэс буюу хойд хилээс урд хөршийн хил хүртэлх бүх гармыг камерын системд бүрэн холбосон аж. Гачуурт дахь ундны усны дээд эх үүсвэр болон ус хангамжийн эх үүсвэрийн 28 худаг тус бүрт мөн тооны камер суурилуулжээ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн камерыг Орхон, Дархан-Уул аймагт байрлуулсан гэнэ. Энэ нь хүний нүүр царай, дугаарыг таньдаг программтай ажээ. Тодруулбал, гудамж талбайд суурилуулсан хөдөлгөөнт камер нь Samsung брендийн SNP-3371TH маркын камер бөгөөд 37х –р татаж харах, гадаа -50+50 градусын хооронд ажиллах чадвартай. Нэг камерын хяналтыг нэгэн зэрэг 10 хэрэглэгч зэрэг хянах боломжтой, 4,6 кг жинтэй, компьютерийн бүх үйлдлийн системийг дэмждэг сүрхий эд гэсэн. Ийм камерыг Улаанбаатар хотын баруун, зүүн уулзварт нэмж суурилуулсан юм билээ. Хэрэв бид анхнаасаа л ийм үзүүлэлттэй камер суурилуулсан бол улсын мөнгийг үр ашиггүй зарцуулсан ажил болохгүй байжээ.