Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгдэд тулгарч буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэнэ

2015 оны 10 сарын 02

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хороо төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажлын явц болон тулгарч буй асуудалтай танилцдаг билээ. Энэхүү ажлын хүрээнд Лхагва, Пүрэв гарагт нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, төслийн явцад тулгараад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж, шаардлагатай чиглэл, үүрэг даалгаврыг өглөө.
Нийслэлийн ИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжих 24 байршлыг баталсан бөгөөд одоогоор 21 байршилд 39 төсөл хэрэгжүүлэгч шалгаран үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр төсөл хэрэгжүүлэгчийн шалгарсан цаг хугацаа, төсөл хэрэгжих талбайн онцлог зэргээс хамааран төслийн ажлын явц харилцан адилгүй байгаа юм.
Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн 2 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгчид нийт 1351 нэгж талбар бүхий 78.3 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлсөн бөгөөд төслийн хүрээнд 40 хэсэгчилсэн талбайд  ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлуулж, 12 байршлын инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд хугацаанд нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс, өнгөрсөн онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан юм.
2015 онд шинээр 1500 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаагаас өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 144 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, тухайн байршлын дахин төлөвлөлтөд хамрагдсан 120 айл өрхийг тохилог сууцтай болгоод байна.
Хурлын үеэр төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хөрөнгө оруулалт, авто замын зураг төсөв, төслийн талбай дахь зөвшөөрөлгүй барилга мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах зэрэг асуудлуудад хүндрэл үүсч, бэрхшээл тулгараад байгаагаа хэлсэн бөгөөд энэхүү асуудлуудын талаар нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга нийслэлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудаас тайлбар авч, түргэн шуурхай шийдвэрлэх тухай үүрэг өглөө. Мөн тэрээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн хурал амжилттай болж өнгөрлөө. Цаашид энэ мэтээр улиралдаа нэг уулзаж, ажлаа танилцуулан, асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж байя. Эдийн засгийн хямралаас үүдэн төсөвтэй холбоотой хүндэрлүүд тулгарч болзошгүй. Гэхдээ бид ямар ч бэрхшээл тулгарсан энэ ажлаа амжилттай хэрэгжүүлээд үр дүнг нь үзэх болно.” гэлээ гэж Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25599
0 эможи
keyboard_arrow_up