Нийслэлчүүд 10.01-нээс эхлэн ингэж татвар төлнө
НИТХ-ын төлөөлөгчид “Нийслэл хотын татварын хувь хэмжээг тогтоох” асуудлыг хэлэлцэж, хурлын үеэр НИТХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хооронд багагүй маргаан, үйл ойлголцол үүсч ширүүхэн уур амьсгалтай өрнөлөө. Хурлын эхэнд НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Дэлхийн улс орнуудын нийслэлд оршин сууж байгаа иргэд татвар төлдөг жишиг нэгэнт тогтсон. Иймээс архи, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар ресторан, амралын газраар үйлчлүүлсэн иргэн нэг хувийн татвар төлөхийг дэмжиж байна” гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Харин Монгол ардын намын бүлгээс “Манай намын зүгээс нийслэл хот татвартай байх нь зүйтэй гэж үзсэн. Гагцхүү хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 30 хувиар өсөөд байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор татварын хувь хэмжээг нилээн сайн ярилцаж тогтоох хэрэгтэй байна. Хотын дарга Э.Бат-Үүлийг уян хатан байхыг хүсч байна. Хуулинд нийслэлийн татварын хувь хэмжээг 0-1 хувиар тогтооно гэж заасан байтал эцсийн цэгт нь тулгаж нэг хувь болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс эдийн засаг, иргэдийн худалдан авах чадвар сайжрах хүртэл хотын татварыг 0 хувиар тогтоох” саналыг гаргасан юм. Ингээд энэхүү асуудлыг НИТХ-ын төлөөлөгчид өнөөдрийн 10.00 цагаас эхлэн хэлэлцэж санал хураалтаар төлөөлөгчдийн дийлэнх нь хотын татварыг нэг хувь байхыг дэмжсэн юм. Тодруулан хэлэхэд ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүнгийн нэг хувийг татвар болгон төлөхөөр боллоо. Дашрамд, ийнхүү санал хураасны дараа НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "Эдийн засаг хүндхэн байх энэ үед хотын татварыг 0 хувь байх санал гаргасан. Ингэж олонхоороо далимдуулж иргэдийн халаасыг тэмтэрсэн шийдвэр гаргаж байгаад харамсч байна" гээд хурлыг орхин гарсан юм. Гэсэн ч НИТХ-ын олонхийн саналаар буюу 96 хувийн саналаар энэхнүү асуудлыг дэмжсэн тул нийслэл хотын татварыг ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн төлж эхлэх юм.
Ингээд нийслэлийн иргэн ямар тохиолдолд хэрхэн татвар төлөх талаарх мэдээллийг хүргэе.
Архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан бол татвар төлнө
Нөгөөдрөөс буюу ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлчүүд архи согтууруулах ундаа, тамхи худалдан авах бүртээ нийт үнийн нэг хувийг татварт нэмж төлөх юм. Өөрөөр хэлбэл зах, хүнсний дэлгүүр, мухлаг, супермаркет гээд бүхий л газраас дээрх бүтээгдэхүүнийг худалдан авсан бол татвар төлнө гэсэн үг. Худалдан авалтын хэмжээнээс үл хамааран нэг хувийн татварыг төлөх юм. Жишээлэхэд, 5000 төгрөг бол татварт 50 төгрөгийг төлж 5050 төгрөг, 10 мянган төгрөг бол 10100 төгрөг болгон худалдан авалт хийнэ гэсэн үг.
Ресторан, баараар үйлчлүүлсэн тохиолдолд нийт үнийн дүнгийн нэг хувийг татварт төлнө
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй хотын удирдлагууд татварыг зөвхөн амьдралын боломжтой, тансаг хэрэглээтэй иргэд төлнө гэж онцолж байсан. “Эдийн засаг хүнд байгаа энэ үед гэрээс гадуур хооллосон жирийн ажилтан, оюутан сурагч гээд бүгд хотын татвар өгөх нь шударга бус” гэж НИТХ-ын цөөнгүй төлөөлөгчид үзэж эсэргүүцлээ илэрхийлж байлаа.
Гэхдээ хуулинд Нийслэл хотын албан татварын хуулинд татвар авах ресторан, баарыг дараах байдлаар тодотгосон байгаа юм. Үүнд,
4.1.6.“ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
4.1.7.“баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг гэж нарийвчлан зааж өгсөн байгаа юм.
Мөн хотын татварыг хурааснаар жилд 13 орчим тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрөх гэдэг нь нэг иргэн жилд дунджаар 100 мянган төгрөгийн татвар төлөх юм байна.
Зочид буудал, амралтын газарт амарсан бол татвар төлнө
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л зочид буудал, амралтын газраар үйлчлүүлж байгаа иргэн авсан бүх үйлчилгээний төлбөрийн нэг хувийг татвар болгон нэмж төлнө. Амралтын газраар ихэнхдээ гадаадын иргэд үйлчлүүлдэг тул энэ нь манай улсын эдийн засагт бага ч гэсэн нэмэр болно гэж НИТХ-ын төлөөлөгчид үзэж байлаа. Тодруулан хэлэхэд, тус хуулийн 4.1.4.“зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолбор, 4.1.5.“амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжид амарч, үйлчлүүлсэн бол татвар төлөх юм.
Мөн НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Ахмадын амралтын газар амарч байгаа өндөр настангуудаас татвар авахгүй байх” саналыг гаргасан юм. Харин төлөөлөгчид өндөр настнуудын татварыг улсаас төлж байх тул энэ асуудлыг дэмжихгүй гэдэгт санал нэгдлээ.
Мөн татварыг тухай худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж байгууллага тусгайлсан журмын дагуу төрд дамжуулах үүрэг хүлээх гэнэ.