Э.Бат-Үүл: Манай гэр хороололд ресторанд ордог хүн байхгүй

2015 оны 9 сарын 29

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 29-р хуралдаанаар Нийслэлийн албан татварын хувь хэмжээ тогтоох, албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Зургадугаар сарын 19-нд УИХ-аас баталсан энэ хууль аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Жижиглэнгээр борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, зочид буудал, амралтын газар, ресторан, баараас албан татварыг авах бөгөөд 0-1 хувь байх аж.

Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хувь хэмжээ тогтоох талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид саналаа хэлж байна.

“Хэрэглээний соёлыг нэвтрүүлэхээр эрмэлзэж байгаа ард иргэдийн эсрэг чиглэсэн хууль болсон байна. Хотын тогтвортой хөгжлийн үндсийг бий болгосон хууль байх болов уу гэж найдаж байсан ч түүнд маань хүрсэнгүй. Тансаг чамин хэрэглээг танах гэж байхад өнөөдөр талхаа авч идэж чадахгүй хүмүүс их байна. Архи тамхинаас татвар авна гэж байна. Тусгай зөвшөөрөл, онцгой татвар төлж байна. Тансаг, чамин хэрэглээ гэж чухам юу юм? Таваг шөл ресторанд орж идэхийг хэлэхгүй байх” хэмээн НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан хэллээ.

Харин үүний хариуд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хууль хэлэлцэх явцад би саналаа хэлсэн. Нийслэл руу ирэх шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилго байж болохгүй. Ямар ч нийслэл хүн ам нэмэхийг хүснэ. Дээр нь тансаг хэрэглээ гэсэн ойлголт байж болохгүй гэдгийг хэлсэн. Өмнө нь нийслэлийн бүх иргэдээс татвар авах саналыг оруулж ирж байсан” гэлээ.

Харин НИТХ дахь МАН бүлэг худалдан авах чадвар буурч байгаа энэ үед татварын хэмжээг хамгийн өндөр буюу 1 хувиар тогтоож үзсэн нь өнөөгийн байдалд зохицоогүй тул иргэдийн амьдралыг сайжиртал 0 хувиар тооцохыг санал болголоо.

Мөн магадлан итгэмжлэгдсэн ахмадад зориулсан 11 амралтын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хотын татвараас ахмад настны авсан үйлчилгээг чөлөөлж өгөх саналыг ч гаргав.

Үүний хариуд Засаг дарга “Борлуулалт их бол татвар нэмэгдэж, бага бол багасаад явна. Хувь тогтоосны учир нь энэ. Хувь хэмжээнээсээ хамаараад өөр болж байна. Орон нутгийн татвар гэж хэлсэн байгаа биз. Улсын төсвөөс тухайн ахмадуудад өгч байгаа орлого учраас үүнээс ч гэсэн тооцох ёстой” гэсэн юм.

Эрүүл мэндэд нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд ашиглаж байгаа газрыг татварыг өндөр болгож, эсрэгээрээ эрүүл хүнс ашиглаж байгаа газруудын татварыг багасгах, зүрх судасны өвчин их байгаа энэ үед ресторанууд хоолны илчлэгийг бичдэг болгох саналыг НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа тавилаа. Харин Засаг дарга саналыг Мэргэжлийн хяналт болон УИХ-ын шийдэх асуудал гэдэг хариултыг өгсөн юм.

Нийслэлийн татварыг ХОЁР бараа, ДӨРВӨН үйлчилгээнээс авах бөгөөд энэ тал дээр төлөөлөгчид саналаа хэлж байна

Хамрын тамхи, айраг зэрэг тансаг чамин хэрэглээ болж, татвар ногдох эсэх талаар НИТХ төлөөлөгч Р.Дагвын асуултад “Үгүй” гэсэн хариултыг Засаг дарга өглөө.

Д.Амарбаясгалан: Ресторан гэхээр хоолны газрууд бүгд орчихож байгаа юм. Засаг дарга та зөвхөн архи, тамхины хэрэглээнд татвар ногдуулна гээд байгаа хэр нь ресторан, амралтын газар, барны бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татвар авахаар заасан байна шүү дээ. Тэгэхээр хоол идэх бүртээ л татвар төлөх болчихоод байна.

Э.Бат-Үүл: Манай гэр хороололд ресторанд ороод байдаг хүн байхгүй шүү. Гэр хорооллынхон бар, ресторанаар явдаггүй юм шүү. Би байнга гэр хорооллоор явдаг. Юмаа мэдэж ярина шүү. Албаар мушгин гуйвуулаад байх юм. Гадаадын хотод очиж татвар төлөөд байдаг мөртлөө өөрийнхөө хотод төлөх болохоор мушгин гуйвуулаад байх юм. Чи л тэгж ресторанд хоол иддэгээрээ татвар төл.

Ц.Сандаг-Очир: Хурлын явцад Засаг дарга хүндэтгэлгүй хандаж байна.  Та Д.Амарбаясгалан төлөөлөгч ард иргэдээсээ санал авч болдоггүй юм уу гэсэн асуултыг хоёр ч удаа асуусан хариулахгүй булзайрууллаа. Хэрэв санал асуулга явуулсан бол дүн мэдээ нь яаж гарсан юм бэ. Та хоёр ч удаа иргэд татвар төлөхдөө баяртай байдаг гэж хэллээ. Үүнийгээ тайлбарлахгүй юу. Татвараас үүдээд үнийн хөөрөгдөл үүсэхгүй юу?

Э.Бат-Үүл: Миний нэр төрийн төлөө санаа сэтгэл чинь зовсонд баярлалаа. Ямар сонин юм бэ? Та нар хотыг удирдаж байхдаа хэзээ асуудаг байсан юм. Төвөг цаашаа. Та нар төлөөлөгчийнхөө эрхийг хүн гүжирдэхэд ашиглаж байна. Архи, тамхинд татвар төлнө гэж байна. Өдөр болгон уудаг бол тэрэндээ л төлнө. Ресторан, бааранд суудаг хүмүүс яг үнэндээ төрийн албан хаагчид байдаг юм. Иргэд тэгж суугаад байдаггүй.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 29-р хуралдаан түр завсарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25530
0 эможи
keyboard_arrow_up