ХУД-т барьж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор удахгүй ашиглалтад орно
Эцэг эхчүүдэд сайхан мэдээ дуулгахад Хан-Уул дүүргийн 15-р хороонд шинэ бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. Барилга угсралтын ажил дуусч, одоо гадна инженерийн шугам сулжээний гадна дулаан, цэвэр болон бохир ус, цахилгаан, холбооны ажлыг хийж байна. Тус барилгыг Нийслэлийн боловсролын газрын захиалгаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гүйцэтгэж, барилгыг “Шилээд” ХХК барьж байна.
Хан-Уул дүүргийн 15-р хороонд ерөнхий боловсролын ганц л сургууль бий. Цэцэрлэгийн насны 1200 хүүхэдтэй тус хороонд улсын цэцэрлэг байдаггүй. Хувийн хэд хэдэн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг хорооны засаг дарга О.Гантуяа хэллээ. Шинээр барЬж буй барилга нь 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 180 хүүхдийн суудалтай бага сургууль юм. Энэ талаар бид ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй уулзаж тодрууллаа.
-Цогцолбор хэзээ ашиглалтад орох вэ?
-Ирэх сарын сүүлч гэхэд дуусна гэдэг хариуг барилгын компаниас авсан. Тэгэхээр арваннэгдүгээр сарын 1-нд цэцэрлэг, сургууль ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Гэхдээ шаардлагатай тоног төхөөрөмж дутуу байна. Барилга ашиглалтад ортол дутуу зүйлсээ гүйцээх гээд хөөцөлдөж байна. Энэ сарын 15-нд Буянт-Ухаа хорооллын 223 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэллээ. Мөн Өлзийт хороолол, Морингийн давааны цогцолборууд удахгүй үүдээ нээнэ. Эдгээрээс хамгийн түрүүнд ашиглалтад орох нь 15-р хорооны цогцолбор.
-15-р хорооны ахлах болон дунд сургуулийг хэзээ барих вэ?
-Одоо барьж буй сургууль, цэцэрлэгийн хажууд газрыг нь төлөвлөчихсөн, 960 хүүхдийн суудалтай сургууль барина. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барихаар төлөвлөсөн. 300 сая юаны тусламж орж ирвэл манай дүүргийн 15, 16-р хороонд 960 хүүхдийн сургууль барьж, 18, 111-р сургуулиудыг өргөтгөнө.
-Шинэ сургууль хүүхдүүдээ бүртгэж эхэлсэн үү. Эхлээгүй бол хэзээ хэлэх вэ?
-Эхлээгүй байна. Эрхлэгчийг нь ч тодруулаагүй тул хүүхэд бүртгэх болоогүй. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилсны дараа бид тус хороо, эрхлэгчтэй нь хамтарч бүртгэлээ явуулан, чиглэлээ өгдөг.
-Цэцэрлэгийн насны олон хүүхэд 15 дугаар хороонд байдаг юм байна. Тэднээс хэрхэн сонгож бүртгэх вэ?
-Бид эхлээд 2-5 насны бүх хүүхдийг бүртгэнэ. Тэндээс 120 хүүхдээ сонгож авна. Ер цэцэрлэгт явж байгаагүй хүүхдүүд хамруулахыг хичээнэ. Хамгийн эхэнд бүртгүүлсэн 120 хүүхдийг авахгүй. Эцэг эхчүүд бүртгэл гээд ажлаа алдаж, хонон өнжих асуудал байдаг. Бид аль болох тийм асуудал гаргаж хүндрүүлэхгүй. Ер нь сугалаагаар хүүхдүүдээ бүртгх нь хаа хаанаа илүү амар. Сая шинээр ашиглалтад орсон Буянт-Ухаа хорооллын 120 хүүхдийн цэцэрлэг болон 10-р хороонд барьсан 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт сугалаагаар бүртгэсэн.
-Танд баярлалаа.