Авто худалдааны цогцолборт 6 375 машины авто зогсоол ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Цогцолборыг ашиглалтанд оруулсанаар нийслэл дэх авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдол бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.
“Авто Худалдааны Цогцолбор”-ын эхний ээлж болох нийт 6 375 машины авто зогсоол бүхий 30 га цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч Улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Улсын комиссын дүгнэлт гармагц, авто зогсоол худалдан авсан иргэд, бизнес эрхлэгчид зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гардан авч, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болох юм.
Түүнчлэн хуучин 22-ын товчооноос “Авто Худалдааны Цогцолбор” руу холбогдсон 30 метрийн өргөнтэй, 1.5 км урттай авто замыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд цаашид цогцолборт хүрэх нийтийн тээврийн маршрут төлөвлөх, автобусны эцсийн болон дундын буудлуудыг барих асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.
“Авто Худалдааны Цогцолбор”-т цайны газар 26, нийтийн бие засах газар 5, авто угаалгын газар 4, авто засварын газар 2, нотариат 1, даатгалын байгууллага 3, арилжааны банк 2, авто тээврийн үндэсний төвийн салбар, оношилогооны төв байхаар төлөвлөж, зөөврийн барилгуудыг цогцолборын талбайд байрлуулсан. Түүнчлэн авто тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах үед үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын салбар нэгжүүд байршин ажиллах болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.