ХУД-т “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн хяналт үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хөдөлмөрийн яамнаас 2015 оны 9 дүгээр сард бүсчилсэн хэлбэрээр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн хяналт, үнэлгээ хийх, туршлага солилцох хэлэлцүүлэг" зохион байгуулсан. Эхний хэлэлцүүлэг буюу Нийслэлийн төвийн дүүргүүдийг хамруулан ХУД-ийн Хөдөлмөрийн хэлтсээс хариуцан зохион байгуулсан арга хэмжээ 9.10-9.11 өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийн хөтөлбөр, удирдамжийн дагуу эхний өдөр Хөдөлмөрийн хэлтсүүд өөрсдийн сайн туршлагыг танилцуулж, хоёр дахь өдөр гурван бүлэгт хуваагдан багийн ажлуудыг гүйцэтгэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр болон нийтлэг үйлчилгээтэй холбоотой тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, гарцын талаарх тодорхой саналыг дэвшүүлж, хэлэлцүүлсэн юм.
"Сайн туршлага хуваалцах"-аар ирсэн хэлтсүүд бусаддаа санаа, үлгэр дуурайл авахуйц, туршлага болохоор илүү үр дүнтэй болсон гэж үзэж байгаа тодорхой арга хэмжээ, үйлчилгээгээрээ илтгэл тавьсан бөгөөд дүүргүүдийн илтгэлүүдэд дурьдагдсан ажил үйлчилгээнд онцлог ажлууд олон байлаа. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогч нар ХУД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн бойжигч нарын үйл ажиллагаатай танилцсан байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явагдаж буй бүтээн байгуулалт “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороололын төслийн багтай ХУД-ийн хөдөлмөрийн хэлтэс хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа талаар “Онол, дадлага ажлын байр” сэдэвт танилцах аялал хийлээ. Энэ үеэр “Нью Яармаг хаусинг прожект” ХХК, Хөдөлмөрийн хэлтсийн хамтын ажиллагааны хүрээнд “Үйлдвэрлэл дээрх сургалт”-нд хамрагдаж, бетон арматурчин, мужаан мэргэжилтэй болж ажлын байртай болсон ХУД-ийн 4-р хорооны иргэн Г.Дамбадаржаа, 9-р хорооны иргэн Э.Хишигсүрэн нар сэтгэгдэлээ илэрхийлж байлаа.