Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Сонгинохайрхан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөөнд цэцэг өргөсөн юм.
Мөн энэ өдөр “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ.
Эдгээр үйл ажиллагаа нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хойч үедээ ойлгуулж, дахин хэлмэгдүүлэлт давтагдахгүй байх зорилготой аж.
Тус үзэсгэлэнд улс төрийн хилс хэрэгт 1922-1990 онд хэлмэгдэж, 1939 оноос өнөөдрийг хүртэл цагаатгагдсан 31,1 мянга гаруй иргэдийн төлөөлөл болох 250 орчим хүний гэрэл зургийг дэлгэн харуулж байна.
Сонирхуулахад, үзэсгэлэнгийн гэрэл зургийг Бодоо, Чагдаржав нар, Эрэгдэндагвын, Лхүмбийн, Гэндэн, Лувсаншарав нарын, Шижээ, Бадрах нарын хэрэг, Ёнзонхамба ба лам нарын бүлэг, ЗХУ-д хэлмэгдсэн хүмүүс, Герман тагнуулын бүлэг хэрэг, Хэлмэгдсэн эмэгтэйчүүд, Цэргийнхэн, нам захиргааны байгууллагаас улс төр, үзэл суртлын шалтгаанаар хэлмэгдсэн хүмүүс зэрэг ангилалаар гаргасан.
Дээрх арга хэмжээнд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг оролцож цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.