Нийтийн тээврийн үйлчүүлдэг иргэдийн амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байна
Өнөөдөр нийслэлчүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, аюулгүй зорчих баталгаа алга болжээ. Нийтийн тээврийн том оврын автобус осол гаргалаа гэх аймшигтай мэдээ бараг өдөр алгасахгүй гарах болов.
Нийслэлчүүдийн хөл дүүжлэх гол хэрэгсэл болсон нийтийн тээврийн автобусны ослын дийлэнх шалтгааныг тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шалгаалсан гэх.
Өнгөрсөн сард III, IV хороолын эцэст том оврын автобусны тормос ажиллагаагүй болсноос замаас гарч автобусны буудал руу дайран орж, хоёр хүн гэмтсэн осол гаргасан. Азаар хүний амь нас хохироогүй.
Нийгэмд айдас төрүүлсэн энэхүү ослын дуулиан намжиж амжаагүй байтал өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин ийм төрлийн ноцтой осол гарч нийтийн тээврээр үйлчүүлдэг иргэдийг мөн л айдаст автуулав.
Чингэлтэй дүүргийн V хороо Гэсэр сүмийн баруун талын замд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус замаас гарч осолдсон талаар бид мэдээлж байсан. Тухайн автобусны тоормос ажиллагаагүй болсоноос осол гарсан гэдгийг эх сурвалжууд өгүүлж байгаа. Азаар ослын улмаас гэмтсэн зорчигч байхгүй ч сэтгэл санааны хүнд дарамтанд орж, айж сандарсан нь гарцаагүй. Осолдсон автобуснаас 33 зорчигчийг онцгой байдлын албан хаагч нар амжилттай гарган авч олны талархалыг хүлээсэн юм.
Хэрэв энэхүү ослын улмаас зорчигчидын амь нас эрсдсэн бол гэхээс жихүүдэс төрнө.
Уг нь нийтийн тээврийн шинэчлэл хэмээх сүржин нэртэй ажил хэрэгжиж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Олон тэрбум төгрөг зарцуулсан энэхүү ажлыг эхлүүлэхээсээ өмнө нийтийн тээвэрт үйлчилж байгаа техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахааргүй автобусаар үйлчилсэн бол ард түмэн баярлах байлаа.
Гэтэл эрх мэдэлтэнгүүд шинэчлэл нэрээр иргэдийнхээ халаас руу “гар дүрэхээс” бус, амь нас, эрүүл мэндийг үл хайхарч шаардлага хангахгүй автобусаар үйлчилсээр байгаа нь үнэхээр харамсалтай.
Үнэндээ манай улсын нийтийн тээвэрт үйлчилж байгаа аавтобуснуудын чанар, өнгө үзэмж, туйлын хангалтгүй гэдгийг хүн болгон хэлдэг.
Гэтэл улиг болтлоо яригдаж, шаардлага хангахгүйгээсээ осолдсоор байгаа нийтийн тээврийн автобусны бүрэн бүтэн байдлыг хангах, парк шинэчлэлтийн ажлыг дорвитой хийхгүй байгаа нь ард түмнээ хөсөр хаяж байгаатай ялаа байхгүй юм.
Ер нь манай улсын нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобуснуудын дийлэнх нь Солонгосын тээврээс хасагдсан, насжилт дууссан байдаг гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг. Ингээд бодохоор нийтийн тээврээр үйлчүүлж ч үзээгүй эрхмүүд ард түмнээ хөгжилтэй орны хогоор тээвэрлэчихээд шинэчлэл хэмээн сүржин үг ярьж, цээжээ дэлдэцгээж байгаа нь харамсалтай. Үнэндээ иргэд шаардлага хангахгүй автобусаар зорчиж байгаад осолдвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг л өнөөдөр хамгийн чухал болоод байгаа юм.
Олны үг ортой гэдгийг анхаарч нийтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, парк шинэчлэлтийн ажлыг цаг алдахгүй хийхгүй бол автобусаар зорчих мянга мянган иргэдийн амь нас эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байна гэдгийг ч албаны хүмүүст дахин дуулгая.