ХУД-ийн Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
Хан-Уул дүүргийн ИТХ хурлын 2015 оны 7 дугаар сарын 9 ны өдрийн ээлжит 12 дугаар хуралдаанаас “ХАН-ЗАЛУУС” Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг баталсан билээ. Үүний хүрээнд ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ байгуулагдаж өнөөдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хуралдааныг ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг нээж залуучуудад амжилт хүссэн бөгөөд Залуучуудын зөвлөлийн 45 гишүүнд албан ёсоор “Үнэмлэх”-ийг нь гардуулж өгсөн юм.
Тус дүүргийн зөвлөлийн гишүүд “ХАН-ЗАЛУУС” Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны түвшинд шийдвэр гаргахад идэвхитэй оролцож, уг үйл ажиллагаа, арга хэмжээ нь орон нутгийн залуучуудын эрэлт хэрэгцээ хүсэл сонирхолд нийцэж буй эсэхэд хяналт тавьж ажиллах юм байна.
Түүнчлэн хөтөлбөрийн үйл хэрэгт гар бие оролцож, дүүргийн залуучуудын төлөөлөл болж тэдгээрийн болон өөрсдийн дуу хоолойг хүргэх, нийгмийг өөрчлөх олон ажлуудыг санаачилан хэрэгжүүлэх аж.