“Монгол японы аз жаргал нийгэмлэг” ТББ-аас ХУД-ийн 5 дугаар хорооны хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл бэлэглэлээ
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/683 дугаар захирамжаар хичээлийн шинэ жил–Эрдмийн баярыг тохиолдуулан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийг уриалан зохион байгууллаа. Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Монгол Японы Аз жаргал нийгэмлэг, Шинэ Монгол сургууль хамтран 8 дугаар сарын 24-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны "Өрхийн амьжиргааг дэмжих үндэсний хөтөлбөр"-т хамрагдаж байгаа өрхийн 30 хүүхдэд хичээлийн хэрэглэл бэлэглэлээ.
Энэхүү хичээлийн хэрэглэл нь Япон улсын бага ангийн сурагчдын хэрэглэдэг Рандсэрү цүнх, бичгийн хэрэгсэл, 4 жилийн өмнө Японд болсон газар хөдлөлтийн гамшгийг арилгахад халуун гараа сунгасан Монголчуудын тусламжинд талархсан сэтгэгдэл бүхий захидал зэргээс бүрдэж байв.
Тус арга хэмжээ нь нийгмийн халамжийн зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох хэрэгцээг дэмжих үйлсэд иргэд, олон нийтийг уриалан дуудсан төдийгүй Япон, Монголын ард иргэдийн найрамдалт харилцааг харуулсан гэдгээрээ онцлог болсон юм.