Энэ жил Хан-Уул дүүрэг 5 цэцэрлэг, 3 бага сургууль ашиглалтанд оруулна

2015 оны 8 сарын 24

Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна гэсэн яриа олон нийтийн дунд ихээхэн гардаг. Тэгвэл Нийслэлийн Хан-Уул дүүрэг нь 5 цэцэрлэг, гурван бага сургууль шинээр ашиглалтанд оруулж байгаа гэсэн сургаар тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцаж, тодорхой мэдээлэл авсанаа танд хүргэж байна.

 

Сайн байна уу та? Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Тэгэхээр энэ жил ХУД-т хэд хэдэн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орно гэж сонссон.  Ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?

Энэ хичээлийн жилд нийт гурван бага сургууль, таван цэцэрлэг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар манай дүүргийн 15 болон 10 дугаар хорооны Морингийн даваанд 120 ортой хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн суудалтай бага сургууль 10, 11 дүгээр саруудад багтан ашиглалтад орно. Барилгын ажил бүрэн дууссан. Есдүгээр сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байсан ч шугам сүлжээний ажил оройтсоноос бага зэрэг хойшлоод байна.

14 дүгээр хороонд буюу Өлзийт хорооны цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын ажил 80 хувьтай  явж байна.

Мөн “Буянт-Ухаа 1” цогцолборт баригдсан 223 дугаар цэцэрлэгийг ТОСК-аас Нийслэлийн өмчийн газарт хүлээлгэн өгсөн.Мөн 10 дугаар хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 230 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 90 хувьтай явагдаж байна. 223 болон 230 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, нярав, нягтлан  томилогдон ажилдаа орсон. Одоогоор сургууль, цэцэрлэгт шаардлагатай бүх тоног төхөөрөмжийнхөө судалгааг гаргаад дүүрэг, нийслэл, яаманд хүргүүлсэн. Төсөв хөрөнгөнөөс шалтгаалан зөөлөн эдлэл болон тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдээгүй байна.

Бусад сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэр явж байна бэ?

БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 72 дугаар цэцэрлэгт 50 сая төгрөгийн,  Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 53 болон 41 дүгээр цэцэрлэгт нийт 160 сая төгрөгийн засварууд хийгдэж  бүрэн дууссан.

71 дүгээр цэцэрлэгт Японы  “Өвсний үндэс” хөтөлбөрөөр 100 сая төгрөгийн засвар хийгдсэн. Үүнээс гадна 71, 29 дүгээр цэцэрлэгийн бохир усны гадна шугам сүлжээний асуудлыг шийдэж, худаг засварлах, шинэ цэвэрлэх байгууламж барих зэрэг ажлууд бүрэн хийгдлээ.

Түүнчлэн ЗДТГ-аас  өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  нийт 80 сая төгрөг гаргахаар шийдвэрлэснээс 40 саяыг сургуульд, 40 саяыг цэцэрлэгт хуваариласан ба зарим засварууд хийгдсэн байгаа.

Цэцэрлэгийн элсэлтийг хэзээ зохион байгуулах вэ. Хамран сургах тойргийн тоо гарсан уу?

Энэ сарын 24-28-ны өдрүүдэд цэцэрлэгийн элсэлтийг зохион явуулна. Хамран сургах тойргоо шинэчлэн гаргасан. 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 25 цэцэрлэгт 1682 хүүхдүүдийг шинээр элсүүлнэ.

Нийслэлийн боловсролын газраас ирсэн зөвлөмжийн дагуу элсэлтээ зохион байгуулна. Эцэг эхчүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг цэцэрлэгээсээ болон нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн веб сайт руу орж харах боломжтой. Элсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч нар хорооныхоо Засаг даргатайгаа хамтран зохион байгуулна.

 

Шинээр сургуульд орох хүүхдүүдийн элсэлт эхэлсэн үү?

Сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийг хавар зохион байгуулсан. Урьдчилсан байдлаар дүүргийн төрийн болон төрийн бус 19 сургуульд нэгдүгээр ангид 2432 хүүхэд бүртгүүлсэн байгаа. Энэ жил сургуульд орох хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор анги бүлгүүд нэмэгдэж, үүний дагуу бага боловсролын 22 багшийг авах сонгон шалгаруулалт зарлагдаад байна.  

“Нэгдүгээр ангид шинээр 2432 хүүхэд бүртгүүлсэн

 

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан цаашид ямар ямар ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна вэ?

Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулаад энэ сарын 26-аас 29-ны хооронд “Суурь боловсролын багш нарын сургалт”-ыг 15, 18, 52 дугаар сургууль дээр зохион байгуулна. Харин цэцэрлэгийн багш нарын сургалтыг 26-аас 28-ны хооронд явуулна. Сургуулийн өмнөх боловсролын багш нарын бага хурлыг энэ сарын 31-нд хийж, үүн дээр дүүргийнхээ зорилго зорилтоо тодорхойлоод баяжуулаад явна. 9 сарын 5-нд мэргэжлийн багшийн бага хурлыг хийхээр төлөвлөөд байна.

Мөн “Хүүхдэд Ээлтэй-Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд багшийг хөгжүүлэн чадваржуулж, хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлж, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор төслийн уралдаан зарласан байгаа. Энэхүү төслийн уралдааныг энэ сарын 25-нд дүүргийн Соёлын ордонд 08.00 цагаас шалгаруулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24562
0 эможи
keyboard_arrow_up