Буянт-Ухаа хорооллын цэцэрлэгийн бүртгэл 25-нд эхэлнэ
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа” 1 хороолол өнгөрсөн онд ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээж авсан. Тус хорооллын дэргэд 120 хүүхдийн 2 цэцэрлэг баригдсан. Тэгвэл тус цэцэрлэгийг улс худалдан авч, хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгохоор болсон. Үүний холбогдуулан нийслэлийн болон Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд “Буянт-Ухаа” 1 хорооллын 2 цэцэрлэгтэй танилцаж, ирэх даваа гаригт хүлээж авахаар боллоо. Тус цэцэрлэгийн талаар Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Цэцэрлэгийн бүртгэл эхлэхэд хоёр 7 хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд цэцэрлэгийн тоног төхөөрөмж, хэрэгцээт зүйлсийг бүрэн бэлтгэж амжих уу?
Бид Боловсролын яаманд тоног төхөөрөмж шаардлагатай зүйлсийн талаар хандсан байгаа. Хүүхдүүдээ 8-р сарын 25-нд албан ёсоор бүртгэж эхэлнэ. Бусад цэцэрлэгийн адил 9-р сарын нэгэнд үйл ажиллагаагаа явуулна.
-“Буянт-Ухаа” 1 хорооллын 223 дугаар цэцэрлэгт зөвхөн тус хорооллын хүүхдүүд хамрагдах уу?
“Буянт-Ухаа” 1 хороололд цэцэрлэгийн насны 400 орчим хүүхэд байна гэсэн албан бус мэдээлэл байгаа. Тиймээс яагаад ч бүгд хамрагдах боломжгүй. 223 дугаар цэцэрлэг 16-р хороонд харъяалагдах учраас дан ганц тус хорооллын хүүхдүүдийг авах боломжгүй юм. Тэгэхээр эцэг эхчүүдийг товлосон хугацаанд амжиж хүүхдээ бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Дан ганц манай хороонд бус нийслэлийн аль ч дүүрэг хороонд цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хүнд байгаагаас болж жил бүрийн бүртгэл хүнд явагддагийг аав ээжүүд маань сайн мэдэж байгаа байх. Тиймээс бид бүртгэх өдөр, цаг, шаардлагатай бичиг баримтыг цэцэрлэгийн гадна тавих болно үүний дагуу бүртгүүлэхийг зөвлөж байна.
-Цэцэрлэгийн хүртээмж нийслэлийн хэмжээнд дутмаг байгаа. Хан-Уул дүүрэгт хичнээн хүүхэд сургуулиас өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна вэ?
Хан-Уул дүүрэгт төрийн өмчит 23, төрийн бус өмчит 53 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд 2-5 насны нийт хүүхдүүдийн 79 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадсан. Энэ жилийн тухайд манай дүүрэгт 5 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулна. Нийслэлээс 3, дүүргээс 1, ТОСК-с 1 цэцэрлэг нийт 620 хүүхэд нэмж цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр нийт цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 83 хувь нь сургуулийн өмнөх насны боловсрол эзэмших юм.
-2016 онд хичнээн хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна вэ?
Ирэх онд дүүрэгт нийт 4 цэцэрлэг үүнээс 16-р хороонд 240 хүүхдийн нэг цэцэрлэг ашиглалтад орно. Мөн “Буянт-Ухаа” 2 хороололд баригдаж байгаа 240 хүүхдийн 4 цэцэрлэг ашиглалтад орох талаар сая бидэнд мэдээлэл өглөө. Тэгэхээр ачаалал харьцангуй багасна гэж харж байна. Орон сууцны хороолол дотроо хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгч байгаа нь тун таатай байна. Хамгийн наанадаж хүүхдүүд маань гэртэйгээ ойр сургууль цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм.