2015 онд Хан-Уул дүүрэгт 1780 шинэ ажлын байр бий боллоо

2015 оны 8 сарын 07

Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр нэлээдгүй ажлууд хийгдсэн талаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэгтэй ярилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авснаа та бүхэнд хүргэж байна.

 

 

Сайн байна уу та? Юун түрүүнд он гарснаас хойш  хичнээн иргэд шинээр ажлын байртай болсон талаар ярилцлагаа эхлүүлье.

Манай дүүрэгт энэ онд 1780 гаруй шинэ ажлын байр бий болсон. Эдгээрээс ажлын байр олноор нэмэгдүүлсэн зарим аж ахуйн нэгжүүдийг дурьдвал “Жигүүр гранд” группын “Гранд Мед” эмнэлэг гэхэд 70, гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Соёл” үйлчилгээний төв 140, дөрөвдүгээр хороонд “Хүннү молл” 147, Сансар худалдааны төвийн шинэ салбар 46, аравдугаар хороонд баригдаж байгаа “Шинэ яармаг” төслийн хүрээнд 70 гаруй шинэ ажлын байр бий болгож, манай хэлтэстэй хамтран ажиллаж байна.

Дашрамд хэлэхэд, эдийн засгийн хүндрэлтэй үед  өөрсдийн хувийнхаа хөрөнгөөр шинэ ажлын байрууд бий болгож байгаа байгууллагууддаа талархалаа илэрхийлье.

Танай хэлтэс аж ахуй нэгжүүдтэй ямар нөхцөлөөр хамтран ажилладаг вэ?

Манай хэлтсийн зүгээс дээрх байгууллагуудаас гадна бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бусад аж ахуй нэгжтэй Хан-Уул дүүргийн ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, ажилтай болгох зорилгоор гэрээ байгуулж хамтран ажилладаг. Үүнээс гадна олон хүнийг ажлын байртай болгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон хорих ангиас суллагдсан гэх мэт тодорхой бүлгийн иргэдийг ажлын байртай болгосон тохиолдолд урамшуулал олгох хэлбэрээр дэмжиж ажилладаг.

Иргэд болон зарим аж ахуйн нэгж, байгууллагууд урамшууллын талаар тэр болгон сайн мэдэхгүй байх. Дээрх тохиолдолд танайхаас ямар урамшуулал олгодог вэ?

Тухайлбал хорих ангиас суллагдаад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа иргэнд 500-аас дээш мянган төгрөгийн цалин олгож нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байгаа нөхцөлд тухайн байгууллага, иргэн хоёрт манайхаас сарын цалинг дунджаар 500 мянгаар бодоод бүтэн жилийн цалин буюу 6 сая төгрөгөөр тус тус урамшуулдаг. Энэ мөнгөн урамшуулал нь тухайн хүний амьдралд нилээн дэмжлэг болж өгдөг.

Мөн Хан-Уул дүүрэг жилдээ хоёр удаа ажил олгогчийн зөвлөгөөнийг хийдэг уламжлалтай. Энэ оны гуравдугаар сард тус зөвлөгөөнөө зохион байгуулсан. Энэ үеэр бас байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урамшуулсан. Энэ оны эцэст дахиад хамгийн олон ажлын байр бий болгосон шилдэг байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулан шагнаж урамшуулна.

Хөдөлмөрийн хэлтсээс урамшуулж, ажилд зуучлахаас өөр ямар ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ.  Заримаас нь дурьдвал?

Тэгэлгүй яахав. Манайд бүртгэлтэй иргэдийг бид ажилд зуучлахаас гадна сургалт зохион байгуулж, мэргэжлийн чиг хандлагын зөвлөгөө өгдөг. Зарим тохиолдолд мэргэжил эзэмшүүлэх, мөн өөрөө өөрт нь ажлын байр бий болгох зорилгоор үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулдаг. Тодруулбал, тухайн зээлийн 50 хувиа хоёр жилийн хугацаанд буцаан төлөх болон эргэн төлөх нөхцөлгүйгээр хүртэл санхүүгийн дэмжлэг үзүүлдэг

“Өөрөө өөртөө ажлын байр бий болгож

жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа

тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлж,

хөнгөлөлттэй зээл олгодог”

Ажил хайж байгаа иргэд заавал дүүрэг дээр ирж бүртгүүлэх шаардлагатай юу?

Үгүй, шаардлагагүй. Хороо болгон дээр цахим бирж ажиллаж байгаа. Тэнд улсын хэмжээний бүх ажлын байрны захиалга авдаг. Цахимаар ажил хайж байгаа иргэн байгууллага, аж ахуйн нэгж болон мэргэжлээрээ гээд сонирхолдоо нийцүүлэн хайлтаа хийн ажил олох боломжтой. Жишээлбэл ВSВ гэж бичихэд л тухайн байгууллагын ажлын байрны бүх захиалга гарч ирнэ гэсэн үг. Мөн үүн дээр ажлын байранд тавигдах шаардлага, цалингийн хэмжээ, хаяг, холбогдох утас гээд бүх мэдээлэл нь байдаг.

Ер нь Хөдөлмөрийн хэлтсийн салбар хүндээ илүү ойр болж, хүн бүртэй ойртож, тулж харьцаж ажилладаг болсон. Хэлтсийн зуучлал хариуцсан хоёр мэргэжилтэн бүртгүүлж байгаа бүх хүн рүү ярьж ажлын санал тавьж, тухай бүрт нь тэмдэглэж авдаг. Ер нь ажилтай болох хүртэл нь ажил хайгчтай холбоотой байдаг.

“ХУД-ийн хороо болгонд

хөдөлмөрийн цахим бирж ажиллаж байна”

Энэ оны байдлаар хичнээн хүн идэвхтэй ажил хайгчаар ирж бүртгүүлээд байна бэ?

Оны эхэнд буюу нэгдүгээр сард 1048 хүн ажил хайж байна гэж бүртгүүлсэн байсан бол одоогийн байдлаар энэ тоо 1849 болсон байна. Зуны улиралд оюутнууд цагийн ажил хайх нь нэмэгддэг. Иймд аялал жуучлалын компаниуд, Таван богд, Сити номадс зэрэг улирлын чанартай ажилладаг газруудад оюутны цагийн ажил гардаг л даа.

Энэ жил Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн хэлтсээс ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?

Манай хэлтэс дүүргийнхээ 50 жилийн ойг угтаад “50 бүтээлч ажил-50 хоног” ажлыг зохион байгуулна. Тодруулбал, наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэл 50 хоногийн бүтээлч ажил хийх юм. Энэ ажлын хүрээнд иргэдэд сургалт явуулж, мэргэжлийн чиг хандлагын зөвлөгөө өгч, мэргэжил эзэмшүүлэхээс гадна  хичнээн хүнийг ажилтай болгох боломж байна гэх мэт олон зүйл дээр анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

Дүүргийн 50 жилийн ойг утган

“50 бүтээлч ажил- 50 хоног” ажлыг зохион байгуулна

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24175
0 эможи
keyboard_arrow_up