БЗД-ийн “Засаг ноён”, гараашийн эзэн хоёртой хариуцлага тооцъё

2015 оны 7 сарын 22

Оршин суугчдын эрх ашгийг уландаа гишгэсэн засаг ноён, гараашийн задарсан эзэн хоёрыг яах вэ.

Ийнхүү уулга алдах болсон минь учиртай. Баянзүрх дүүргийн 1-р хороонд  байрлах Денверийн гудамж  79-р байрны  217 айлын оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж  байна. Тодруулбал, тус барилгын орцны үүдийг хааж дулааны шугам сүлжээн дээр А.Номинзаяа гэх иргэн зургаан машины авто гараашийг барьжээ.

Орон сууц захиалагчдын өмнө хариуцлага хүлээн барилгыг  ашиглалтанд оруулсан  “Эс Си Эм” ХХК оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалж дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваад хэд хэдэн удаа мэдэгдсэн ч асуудлыг шийдэж өгөхгүй өнөөдрийг хүрчээ. Харин ч буруутай талд нь ээлтэй хандаж эхэлсэн байна. Мөн дээд байгууллага болох Нийслэлээс инженерийн шугам сүлжээн дээр хууль зөрчин барьсан уг авто гараашийг иргэдийн гомдлын дагуу яаралтай албадан буулгаж асуудлыг шийдвэрлэ гэсэн бичиг хүртэл БЗД-т хүргүүлсэн байх юм.

 

Уг нь дүүргийн засаг дарга оны эхээр нэгдүгээр сарын 10-ны өдөр Газар албадан чөлөөлөх тухай захирамж гаргаж, ирэх 10 дугаар сарын дотор асуудлыг шийдэж дуусгахыг холбогдох албаныхандаа даалгасан байдаг. Үүнд нь үндэслэн гомдол гаргасны дагуу Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа гуравдугаар сарын 31-ний өдөр “А.Номинзаяагийн зургаан машины зориулалт бүхий авто гараашийг албадан чөлөөлсүгэй” гэсэн захирамж гаргасан байдаг.

Гэвч хачирхалтай нь өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд нөгөө гайхал “засаг ноён” чинь  “өөрийн гаргасан албадан буулгах захирамжаа  хүчингүй болгосугай” гэсэн захирамж гаргажээ.  Энэ орон сууц нь  Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу, ямар нэгэн хууль зөрчилгүйгээр холбогдох бүх зөвшөөрлийн дагуу баригдсан. Гэтэл эсрэг тал нь барилгын орц, үүдийг таглаж авто гарааш барьж гадна тохижилтийн ажил хийх боломжгүй болгон,иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байхад ийм шийдвэр гаргасан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Хууль зөрчин ашиг хонжоо хайгч нэгэн хүний төлөө 217 айлын мянга орчим оршин суугчдын амьдрах  эрхийг ингэж зөрчих нь ер нь ариун явдал мөн үү. Гаргасан зөв шийдвэрээ яагаад ийм амархан цуцлах болов. Авилгад автсан хэрэг үү ? Эсвэл ажлаа огт мэдэхгүй учраас  өмнө нь алдаатай захирамж гаргасан гэж ойлгох уу? Ер нь энэ Д.Пүрэвдаваа гэж хүн төрийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, дүүргийнхээ иргэдийн  төлөө хууль дүрмийн дагуу ажиллаж чадаж байна уу?  гэх зэрэг олон асуултууд урган гарч байна. Дээд байгууллагынхаа шийдвэрийг биелүүлдэггүй “том толгойтой” даргын талаар өмнө нь ч янз, янзын зүйлүүд сонсогдож байсан юм.

Бид уг асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Г.Бат

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23834
0 эможи
keyboard_arrow_up