"Дээлтэй Монгол-2015"-д ХУД амжилттай оролцлоо
Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Дээлтэй Монгол - 2015” наадмыг 9 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадамд Улаанбаатар хотын есөн дүүргийн оршин суугчдаас гадна гадаадын иргэд үндэсний дээл хувцсаар гоёж оролцов. Тус наадамд нийслэлийн зургаан дүүрэг, найман байгууллагын хамт олон парад алхаж, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, үндэсний хувцасны загварын үзүүлбэрийг танилцууллаа. “Дээлтэй Монгол - 2015” наадамд "Шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүрэг", "Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага", "Үндэсний хувцастай шилдэг хос", "Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч" -ийг тус тус шалгаруулж, гарын бэлэг гардуулав. Уг арга хэмжээнд Хан-Уул дүүгийн ажилчин, албан хаагч, иргэд бүгд маш идэвхтэй оролцлоо