Л.Доржбат: Гэр хорооллыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох ажил эрчимтэй явагдаж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбаттай 2015 оны нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил болоод хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тодруулж ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. ХУД-ийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс 2015 оны хөрөнгө оруулалт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж буй ямар ямар ажил байна вэ.
Сайн байна уу. 2015 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр ХУД-ийн 16-р хороонд 240 ортой Цэцэрлэгийн барилга баригдахаар тендерийн баримт бичиг боловсруулагдан ажил эхэлж байна. Дүүргийн 53-р цэцэрлэгийн барилгын засвар 30 хувьтай, Узелийн шугам хоолойн холболтын ажил хийгдэж байгаа бол 41-р цэцэрлэгийн барилгын засвар ажил 80 хувьтай явагдаж байна. Мөн нийслэлийн хөрөнгөөр дүүргийн 12-р хорооны Малчдын 1,2,3-р гудамжны цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийн ажил угсралтын шатандаа явагдаж байгаа. 13-р хорооны Туул тосгоны 3Б-р гудамжны цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамийн ажил 24 хувьтай явагдаж байгаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хийгдэж буй хэд хэдэн ажил бий.
Үүнд:
-Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 70 хувь /10-р хороо/
-Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 70 хувь/15-р хороо/
-Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам 54 хувь
-120 мянгат, 19-р хорооллын доторхи талбайн борооны ус зайлуулах ажил 45 хувь явж байна.
2015 оны хагас жилийн байдлаар ЭЗТХ-ээс хийх хэрэгжиж буй ажлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
Дүүргийн төсвийн хөрөнгөөр 10-р хорооны гэр хороололд гэрэлтүүлэг шинээр хийх ажил 80 гаруй хувьтай үргэлжлэн хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажил амжилттай дууслаа. Үүнд: Дүүргийн ЭМН-ийн хэвтэн эмчлүүлэх тасгийн засварын ажил комисс-д хүлээлгэн өгсөн. Дүүргийн ОБХ-ийн хэрэгцээнл 380 вольтын цахилгаан үүсгүүр худалдан авч комисс-д хүлээлгэн өгсөн байгаа.
Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудаасаа хуваалцана уу.
Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ ойн хүрээнд олон бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Үүний нэг нь дүүргийн 16-р хорооны Буянт-Ухаа 7-р цогцолбор сургуулийн 1.2 га талбайд биеийн тамир чийрэгжүүлэлтийн талбайг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж 2015 оны 6-р сарын 12-ны өдөр хүлээлгэн өглөө. Дээрх чийрэгжүүлэлтийн талбай нь 44 мм х 22 мм харьцаатай хиймэл зүлгэн хучилттай хөлбөмбөгийн талбай, талбайг тойрсон гүйлтийн эгнээ зам, үзэгчдийн суудал бүхий, 28 х 15 м харьцаатай зориулалтын тусгай зөөлөвч бүхий резинэн будгаар будсан сагсан бөмбөгийн талбайтай. Мөн 18 х9м харьцаатай гар бөмбөгийн талбайтай, 45х9,5м харьцаатай эко хавтан бүхий авто зогсоолтой юм. Талбайн бусад хэсэгт ногоон байгууламж, мод бут, хүүхдийн тоглоом, явган зам, хогийн сав, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын элементүүдийг хийж өгсөн байгаа. Мөн дүүргийн төсвөөр 8-р хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн өнөөдрийн байдлаар ногоон байгууламжийн ажил хийгдэж байна. Бид дүүргийнхээ 50 жилийн ойд зориулан хийж байгаа нэгэн томоохон ажлын нэг нь Нисэх, Биокомпинатийн чиглэл 9, 10-р хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллыг 100 хувь гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэсэн баярт мэдээ. Гэр хороолол өдөр шиг гэрэлтэй болсноор иргэдийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тав тухтай байдлыг бий болгож чадлаа.
Дүүрэгт олон жил болж он цагийн уртад хуучирч, муудсан “Нэхмэлийн шар” байруудыг дахин төлөвлөлтөд оруулах ажил ямар шатандаа явж байна вэ.
Хан-Уул дүүргийн 2,3-р хорооны “Нэхмэлийн шар” гэх тодотголтой нийт 20 байр байдаг. Эдгээр байруудыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан.
Эдгээр 20 байрыг 5 багц болгон хувааж тендер зарласан бөгөөд 3-р багцад шалгарсан “Нутгийн буян групп” ХХК нь 44 орон сууц өмчлөгч, 4 аж ахуй нэгж байгууллагатай 3 талт гэрээ байгуулах бөгөөд нэхмэлийн 15, 19-р байрны 0,56 га талбарт 416 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үйлчилгээ, оффисын барилга байгууламжийг барьж байгуулахаар болсон.
Эхний ээлжинд Нэхмэлийн 14-р байрыг буулган 160 айлын орон сууцны барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 5-нд болж ажил эхлээд явж байна. Ийнхүү ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Нэхмэлийн шар” гэх тодотголтой байрнуудыг буулгаж дахин төлөвлөн барилгажуулах ажил амжилттай үргэлжилж байна.
Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Сайхан наадаарай.