Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг хоол зөөвөрлөх лифттэй боллоо
21-р зуунд хүн төрөлхтөн нийгэмд гарч болох халдварын бус архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтний өвчин эмгэгд таарсан хоол хүнсээр үйлчлэх , хоол түгээлт, хоол боловсруулалт, хоол үйлдвэрлэлийн процессийг дэлхийн жишигт хүргэх асуудал хурцаар тавигдаж байна.
Энэ утгаараа 2013 оноос эхлэн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Коико, “WITH” ТББ хамтран эмнэлэгийн хоол, үйлчилгээний системийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор “Их гал” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл 2013-2016 он хүртэл үргэлжлэх юм. Уг төслийн эхний үе шат нь жинхэнэ дэлхийн үйлчилгээний жишигт нийцсэн гал тогоо байгуулах, хоёр дахь үе шат нь хоолыг боловсронгуй аргаар түгээх байсан юм. Тэгвэл өнөөдөр төслийн хүрээнд хоол зөөвөрлөх лифтийг ашиглалтанд оруулсан бөгөөд гал тогооны болон хоолны өрөөнүүдэд иж бүрэн засвар хийснээ хүлээлгэн өглөө. Хан-Уул дүүрэг анх удаа хоол зөөвөрлөх лифтийг нээж, ашиглалтанд оруулж байгаа нь энэ юм.
Уг арга хэмжээнд ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Энхбилэг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн Ерөнхий эмч Д.Бааст, “WITH” ТББ-ын Судалгаа, шим тэжээлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга Со Ён Гён, НЭМГ-ын Мэргэжлийн удирдлага бодлогын, хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулан тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Энэ төслийн хүрээнд цаашдаа иргэдэд зөв зохистой хоололтын талаар мэдлэг олгож халдварт бус өвчнөөс сэргийлэх чадавхи эзэмшүүлэх, Хан-Уул дүүргийн хэмжээнд хоол тэжээлийн кабинет байгуулах, эмнэлэгийн үйлчилгээнд цахим системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.