Зайсангийн тойруугийн 460 метр авто замыг засна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмын тохижилт, засвар үйлчилгээний ажилтай танилцсан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн талбай, сурын талбайн засвар эхэлж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байна. Наадмын тохижилтын ажлын хүрээнд Зайсангийн тойруугийн эвдрэл ихтэй 460 метр замыг засч, явган хүний зам тавих гэж байна. Мөн Яармагийн замын голын зүлэгжилтийг ногоон байгууламжийн хувийн компаниуд хариуцан ажиллаж үрэлгээ хийн, тогтмол усалж байгаа юм.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Их Монголын гудамжны замын 2 талд ногоон байгууламжийн ажлыг хийж байна. Мьянмарын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвөөс 15 тоннын усалгааны машин гарч, Чингисийн хүрээ орох замыг услан тоосжилтыг багасгаж байна.