Хуучин циркийн барилгыг яаралтай засч өгөхийг хүслээ
Энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах хуучин циркийн барилга буюу одоогийн Циркийн сургуульд гал гарч, гал унтраах 10, 14, 34, 105 дугаар ангийн 40-н албан хаагч газар дээр нь ажиллаж унтраасан талаар бид мэдээлж байсан.
Харин өнөөдөр энэ асуудалтай холбоотойгоор Монголын циркийн ахмадын хороо, циркийн ажилчид хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв.
Тэд “Циркийн жүжигчид тоглолт бэлтгэл хийх байргүй болсныг төр засгийн удирдлагуудад хүргэх гэж бид цуглалаа. Циркийн энэхүү байрыг маш яаралтай засч сэлбэж, үйл ажиллагааг нь хэвийн болгох шаардлагатай байна. 1940-өөд оноос үйл ажиллагаагаа явуулж байсан энэ сургуулиас дэлхийд алдартай бүхий л уран бүтээлчид төрж гардаг байсан.
Одоо циркийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Циркийн урлаг монгол улсад хэрэгтэй гэж үзэж байгаа бол бидэнд бэлтгэл сургуулилтаа хийх орон байрыг бэлдэж өгөх хэрэгтэй. Хөгжим бүжгийн коллежид бэлтгэл хийж эхэлсэн гэдэг мэдээлэл худлаа. Үлдсэн түүхэн баримт, зураг хөргөө гаргаж хөгжим бүжгийн коллеж рүү зөөсөн асуудал байгаа. Зүгээр нэг заал биш, тусгай төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл, тоноглол бүхий тусгай байранд бидэнд хэрэгтэй байна" хэмээсэн.
Мөн "Сургууль шатахад хэний буруутай буруугүйг ярих нь гол биш. Энэ том соёлын түүхэн өвөө алдсан нь гол. Монгол Улсын циркийн жүжигчид дэлхийн өнцөг булан бүрт очиж улс эх орныхоо нэрийг дуурсгаж явах ёстой гэж үзэж байгаа бол энэ асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй байна. Амралтын цаг ирж, сонгууль дөхөж байгаа энэ үед бид дуу хоолойгоо нэгтгэхгүй бол энэ асуудалд төр засаг анхаарлаа хандуулахгүй, чимээгүй өнгөрөх магадлал өндөр байгаа юм.” гэв.
Өмч хувьчлалаар хуучин циркийн барилга хувьчлагдаж хувь хүнд очсон. Үүнээс хойш цирийн бусад уран бүтээлчид, хамтлагууд , циркийн сургуулийн 60 гаран сурагчид, 100 гаруй уран бүтээлчид хуучин цирктээ бэлтгэл сургуулилтаа базааж, амьдрал ахуйгаа залгуулж байжээ.
Галын дүгнэлт одоогоор албан ёсоор гараагүй байгаа юм. Харин циркийн ажилчид галыг гагнуурын цог үсэрснээс гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.