Хан-Уул дүүргийн Худалдаа Үйлчилгээний Хэлтсээс эхний хагас жилийн ажлаа цувралаар мэдээлж байна
Хан-Уул дүүргийн ХҮХ-ийн дарга В.Бэгзтэй эхний хагас жилийн байдлаар хийгдэж буй зарим ажлын хэрэгжилтийн талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Тун удахгүй 2015 оны эхний хагас жилийн ажлын дүн яригдах болж байна. Танай хэлтсийн ажлын үр дүнгийн талаар сонирхмоор байна.
Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулж ажилллагсадын мэдлэг, ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомж стандартыг мөрдүүлэх, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтыг сурталчлах зэргээр хэд хэдэн удаагийн сургалт, уулзалт, семинарыг зохион байгуулсан. Дэлгэрэнгүй яривал нилээд зүйлийг ярьж болно.
Мөн иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол санал хүсэлт болон албан бичгийн дагуу холбогдох арга хэмжээг зохион байгуулах, дээд шатны байгууллагаас шаардсан мэдээ судалгааг гаргаж хугацаанд нь хүргүүлэх, хариуцсан салбарын холбогдох мэдээллийн баазад баяжилт хийх, иргэн аж ахуйн нэгжид эрх зүйн болон арга зүйн зөвлөлгөө өгөх, дээд шатны болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулж ажиллаа.
Энэ бол төрийн байгууллгын өдөр тутам хийдэг нийтлэг үйлчилгээ юм. Үүнийг цаг нар, тоо баримт, нэр төрлөөр ялгаж тодорхой болгож яривал их зүйлийг ярьж болно. Харин ингэх хэрэггүй байх гэж бодож байна
Сүүлийн үед ямар томоохон ажил, үйлчилгээн дээр төвлөрч ажилласан вэ. Өөрөөр хэлбэл юуг амжуулав?
Өнгөрсөн 6 дугаар сард дараахи ажилд гол анхаарлыг төвлөрүүлж ажилласан. Үүнд:
Нийслэлээс зарласан “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага шалгаруулах” уралдааныг эрчимжүүлэх, нийслэлд цэвэр тохилог орчныг бүрдүүлэхэд аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон 5 ажлын хэсэг ХУД-т ажиллаж байгаа.
Энэ 5 ажлын хэсгийн 4 ажлын хэсэгт нь манай хэлтсийн мэргэжилтэн нар оролцон ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулахад манай хэлтэс манлайлан оролцож байгаа гэхэд болно.
Ажлын хэсгүүд 7 хоногийн мягмар болон пүрэв гаригуудад бүтэн өдрөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дээр очиж ажиллаж байна. Энэ бол ХУД-ийн 50 жилийн ой угтаж дүүрэгтээ эрүүл тохилог, тав тухтай орчинг бүрдүүлж, иргэд оршин суугчиддаа ажиллах амьдрах таатай нөхцлийг бий болгох зорилготой том арга хэмжээ тул нилээд цаг хугацаа зарцуулж байгаа ажил юм. Товчхондоо бол энэ зорилгоо бид нийслэлийн уралдааны зорилготой хамтатгаж байгаа хэрэг юм.
Мөн дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд элбэгшиж байгаа холбогдох журам, стандартыг зөрчсөн ил задгай худалдаа үйлчилгээтэй тэмцэх ажлыг дүүргийн Цагдаагийнхаа хэлтэстэй хамтран зохион байгуулсан.
Ил задгай худалдаа гэснээс өнөөдөр эдийн засаг хүнд, мөнгөний ханш унасан ийм үед иргэд төр засгаас юм нэхэхгүйгээр амьдрахын тулд өөрөө өөрийгөө болгох гэж зүтгэж байгаа хүмүүсийг хөөж туух нь хэр зөв алхам бэ?
Нэг талаас харахад энэ асуулт яахын аргагүй зөв бөгөөд нөхцөл байдал ийм байгаа. Гэхдээ хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн төлөө холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ийм арга хэмжээ авахаас аргагүй байдаг.
Төрийн албан хаагчид төрийн хууль тогтоомжийг биелүүлэх, хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн хүмүүс. Хууль тогтоомж, стандарт, дүрэм журманд асуудлыг тодорхой томъёолж хатуу заасан байх тул өнөөгийн эдийн засгийн хүнд нөхцөл болон тухайн иргэний аргагүй байдлыг харгалзан үзэж, уян хатан хэрэглэж зохицуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоомж, стандартыг нийтэд нь адил тэгш хэрэглэх үүрэгтэй болохоос нөхцөл байдлын улмаас гэж үзэмжээрээ зохицуулж, зөрчихийг хориглосон гэсэн үг.
Амьдралын аргагүй байдлын улмаас гэж тайлбарлах хүн олон таардаг. Хэдийгээр хувь хүний хувьд сэтгэл өвдөж байсан ч албан үүргийнхээ дагуу л арга хэмжээ авдаг даа
Хууль тогтоомж зөрчсөн ямар үйлчилгээ их гардаг вэ. Хор хөнөөл нь юу вэ?
Үйлчилгээний стандарт болон орчны эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй нөхцөлд худалдаа үйлчилгээ эрхлэх, нийтэд үйлчлэх эрүүл мэндийн шаардлага хангаагүй хүмүүс стандартгүй үйлчилгээ үзүүлэх явдал их байдаг. Цаашилбал хадгалах тээвэрлэх худалдахад тодорхой горим баримтлах шаардлагатай амархан мууддаг жимсний төрөл болон хүнсний зүйлийг горим стандарт зөрчин худалдах, нийтийн эзэмшлийн гудамж талбайд төвлөрсөн болон хэсгийн шугаманд холбогдоогүй байр саванд зөөврийн ус хэрэглэж нийтийн хоолны стандартыг зөрчин үйлчилгээ эрхлэх, самар, тамхи ширхэглэн зарах үйлдэл их байна.
Энэ бүх худалдаа үйлдчилгээ нь тоос шороотой бохир орчинд явагдаж байгаа учир ариун цэвэр, эрүүл ахуйн зохих шаардлага хангагдаагүйн улмаас нийгмийн халдварт болон хурц үрэвсэлт өвчин үүсэж, тархах эрсдлийг агуулж байдаг.
Танай хэлтсийн ажил үйлчилгэний талаар иргэд хэр мэдэх вэ
Энэ талаар хүмүүс мэдээлэл муутай байх шиг байдаг, Бид иргэдэд үзүүлдэг үйлчилгээ болон тэдэнд зориулсан холбогдох мэдээлийг khanuul.mn сайтын “Худалдаа үйлдвэрлэлийн ил тод байдал” гэсэн талбарт тавьж сурталчилж байгаа.
Энэ боломжийг ашиглан иргэдэд дараахи мэдээлийг өгөх нь зүйтэй байх гэж бодож байна
Манай хэлтсийн үндсэн чиг үүрэг бол тус дүүрэгт ХАА, аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, ААН-дийг хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, дүүргийн эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэх явдал болно
Энэ хүрээнд дараахи ажлуудыг зохион байгуулдаг
- Хууль тогтоомжийг сурталчлах, стандартыг мөрдүүлэх зорилгоор холбогдох сургалтыг зохион байгуулна. Сургалтанд хамрагдаагүй хүмүүст ажлын цагуудад эрх зүйн зөвлөлгөө өгнө. Гарын авлага материал олгоно
- Бизнес эрхлэгчдийн мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэхийн тулд мөн мэргэшүүлэх мэдлэг, чадвар олгох сургалт хийнэ, ажил мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулна. Тэргүүн туршлага судлуулна
- Үйл ажиллагааг нь дэмжиж олон нийтэд сурталчлах, үзэсгэлэн худалдаанд хамруулах, зээл, төсөл хөтөлбөрт дэмжих, хамруулах арга хэмжээ авна
- Хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартыг хангах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулна. Хяналт шалгалтын явцад арга зүйн болон хууль эрх зүйн зөвлөлгөө өгнө. Илэрсэн зөрчил дутагдалыг арилгахыг сануулж, хугацаатай үүрэг даалгавар өгнө. Шаардлагатай бол торгох, цаашилбал зөвшөөрлийг хураах, тусгай зөвшөөрөлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг
Манай хэлтсийн эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн ерөнхий тойм ийм байна. Ингээд удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, хотол олноороо сайхан наадахын ерөөлийг өргөе