Ирэх сараас иргэд ухаалаг картаар нийтийн тээвэрт зорчино
Ирэх сараас иргэд ухаалаг картаар нийтийн тээвэрт зорчино. Харин смарт картыг хаанаас хэрхэн авах талаар “Улаанбаатар Смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболороос тодрууллаа.
-Смарт картыг иргэд хаанаас худалдаж авах вэ?
-Ирэх сарын 20-ны өдөр автобусны зогсоолд хамгийн ойр орших карт борлуулах төвүүдийн нээлтийг хийнэ. Уг нь ирэх сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлэх байсан ч зарим автобус стандартын шаардлага хангахгүйгээс болоод хойшлуулсан. Одоогоор карт борлуулах 30 газартай гэрээ хийхээр тохироод явж байна. Мөн суурилуулах тоног төхөөрөмжийн угсралт 40 хувьтай явж байна. Карт ашиглаад ирэхээр дээр дурдсан байршлуудад смарт карт борлуулах 500 орчим төв байгуулна. Иргэд эдгээр төвүүдээс смарт картыг 3600 төгрөгөөр худалдан авч 500 төгрөгөөс 90 мянган төгрөгөөр цэнэглээд зорчино. Зорчигчид урд хаалгаар орох болон хойд хаалгаар буухдаа картаа уншуулна.
-Дамжин суултын үеэр хөнгөлөлт эдлэх боломжтой юу?
-Бид нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчдыг бүртгэлжүүлэх учраас картыг заавал хоёр удаа уншуулах шаардлагатай. Тухайн хүн нэг автобуснаас буугаад хэдэн минутын дараа дамжих суухаас хамаарч хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн хүн автобусанд суухдаа уншуулсан картын мэдээлэл тэр үедээ хадгалагдаж 20-30 минутын дараа өөр автобусанд дамжин суух юм бол хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Гэхдээ хөнгөлөлтийн хувийг одоогоор тогтоогоогүй байгаа.
-Нийтийн тээврээр зорчихдоо хөнгөлөлт эдэлдэг иргэд хэрхэн зорчих вэ?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаагийн албан хаагчдын өдөрт хэдэн удаа зорчих тоог судалж тогтоогоод сарын эхэнд картыг нь цэнэглээд өгнө. Эдгээр хүнд холбогдох байгууллагуудаар дамжуулан картыг нь тараана.