Ногоон байгууламж арчлалтад нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулна
Улаанбаатар хотын 92 гудамж талбайд энэ жил ногоон байгууламж арчлалтад нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Хотын гудамж талбайд 500 орчим мянган мод бут сөөг тарих бол 300-гаад мянган ам метр зүлэг, 400 мянган ширхэг цэцэг тарихаар төлөвлөж байна. Энэ сарын 15-наас ирэх наймдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зэрлэг ургамлыг мөн устгах аж.
Өнгөрсөн жил 65 гудамжны ногоон байгууламжид мөн тооны хөрөнгө зарцуулсан. Өөрөөр хэлбэл, энэ онд ногоон байгууламжид өнгөрсөн жилийнхтэй тэнцүү төсөвлөсөн ч гудамжны тоо нэмэгдсэн байна. Учир нь ногоон байгууламжийн арчлалтыг жил дараалан эрчимтэй хийснээр суурь зардал танагдах боломж бүрджээ. Харин танасан мөнгөөр ирэх жилийн долдугаар сард болох АСЕМ-ын уулзалтад бэлдэж, Яармагийн замын хоёр талын шороотой хэсгийг зүлэгжүүлэхэд нэг тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.
Мөн энэ жил 25 гол гудамж, уулзварт цэцэг тарих юм. Үүнд 200 сая төгрөг зарцуулж байгаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед нэг наст цэцэг тарихад олон тэрбум төгрөг зарцуулж байна хэмээн иргэд шүүмжилж буй. Гэхдээ машин техник, ажилчдын цалин, байнгын арчилгаа гээд бүх зардлыг тооцож үзвэл манайхтай адил хоттой харьцуулахад энэ төсөв арав дахин бага гэнэ. Улаанбаатар хотын Хот тохижилт, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр “Зөвхөн зуны гурван сарыг ногоон байлгахын тулд дээрх хэмжээний хөрөнгө гаргаж байгаа юм биш. Энэхүү мөнгөний дийлэнхийг мод тарих, тэр дундаа хөрс боловсруулалтад зарцуулж байна. Нэг наст зүлэг, цэцэг тариад дуусдаг гэсэн шүүмжлэл гарсан. Нүдэнд үзэгдэж байгааг л ногоон байгууламж гэж үзэх нь учир дутагдалтай. Японы КОИКА-гийн эрдэмтэд манай улсад “Ногоон Улаанбаатар” төсөл хэрэгжүүлж буй. Тэд хөрсний үржил шимд маш сайн анхаарах хэрэгтэйг зөвлөж байна. Тиймээс хөрсний доройтолд анхаарч, дийлэнх мөнгийг үүнд зарцуулж байгаа” гэв.