Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол 15 хувь буурна
Нийслэлд нийт 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд 38 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, иргэдийн 9 хувийг хамарч байгаа талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Одоогоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Дахин төлөвлөлтийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын хурлын анхны хэлэлцүүлгээр хуулийн төсөл дэмжигдэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна.
Хууль батлагдсанаар төслийн үед талуудын хүлээх эрх, үүрэг тодорхой болно. Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэгч иргэдийг түр суурьших байраар хангаж, өмнөх нөхцлөөс дордуулахгүй байхаар тусгаж өгчээ. Мөн төслийг дэмжихгүй байгаа иргэдийн газрыг үндсэн хууль болон бусад хуулийн дагуу нөхөн олговортойгоор чөлөөлөх нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхийг төсөл хэрэгжүүлэгч эдлэх юм байна. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлснээр нийслэлийн агаарын бохирдол 15 хувь, тоосжилт 14 хувиар буурахаас гадна шинээр нийт 24 орон сууцны цогц хороолол бий болно гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.
Дахин төлөвлөлтийн ажлын хувьд Баянзүрх дүүргийн 8 болон 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж байгаа "Баганат Өргөө" компани 120 айлын 6 га газрыг чөлөөлсөн байна. Улмаар 288 айлын орон сууц, дэд бүтцийг ажил хийж гүйцэтгэж байгаа ажээ. Тус компанийн хэрэгжүүлж байгаа төсөл нийт 51 га газрыг хамарч байгаагаас 40 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх юм байна.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг баригдах аж.