Зайсангийн иргэд амар тайван амьдрах эрхтэй боллоо
Нийслэлийн ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээ олгох ажлын явц ямар байгаа талаар газар дээр нь танилцаж, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр дээрх хороодод ажиллалаа. Энэ үеэр БОНХАЖ-ын сайд 11 болон дөрөвдүгээр хорооны зарим айлаар орж, ахуй амьдралтай нь танилцав.
Эхний орсон айл Зайсангийн амны Л.Даваасүрэн гуйнх байлаа. Тэрбээр оршин сууж буй газартаа 60 жил амьдарчээ. Харьцангуй жижиг газарт олуулаа амьдардаг Л.Даваасүрэн гуай “Энэ олон жилийн турш алга дарам газраа өмчилж авч чадахгүй нь гэж их айж байлаа. Одоо бол эмээ нь бүтэн нойртой хонож чадахаар боллоо. Бид их баяртай байна” гэлээ.
ХУД-ийн 11 хорооны иргэн Б.Улаанхүү гуай хараа муутай, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг ажээ. Тэрбээр 30 гаруй жил амьдарч байгаа газраас нь хэн хэзээ хөөх бол гэсэн үргэлжийн айдастай амьдарч ирснээ хэлж, олон жилийн хүсэл нь биелж ямар ч байсан хүнд үзүүлэх бичиг баримттай болж байгаадаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд туйлаас талархаж байгаагаа хэлсэн юм. БОНХАЖ-ын сайд үргэлжлүүлэн тус дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэдтэй очиж уулзаж, газар ашиглах гэрчилгээолголтын талаар мэдээлэл өгч, ярилцлаа. Гэрчилгээний эхний хэсгийг ирэх долоо хоногоос олгож эхлэхээ сайд албан ёсоор мэдэгдэв. Энэ үеэр тус хорооны хамгийн өндөр настай иргэн 105 настай С.Дарь салбарын сайдад талархлаа илэрхийлж, мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадгаа дэлгэн угтав. С.Дарь гуай мөн л бусдын адил бор гэрийг нь ачаад явчих вий гэж үргэлж айж явдгаа хэлж, айдсыг нь арилгаж албан ёсоор газрын гэрчилгээг нь шийдэж өгч байгаа Д.Оюунхорол сайдад маш их баярлаж буйгаа хэлж, насыг нь аваарай гэж ерөөсөн юм. “Эмээ нь ядаж 70,80 настай байсан бол хөгжлийн хурдаас дүүжлэгдэх юмсан” гэж хэлсэн эмээгийн үг тэнд цугларсан олон хүний сэтгэлд дулаан санагдсан билээ. ХУД-т ажилласан БОНХАЖ—ын сайд Д.Оюунхорол Зайсангийн 11 дүгээр хорооны иргэдтэй мөн уулзлаа.
Салбарын сайд иргэдэд хандан олон жил шийдэгдэлгүй ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл их байгаа, гэхдээ бэрхшээлээс айлгүй асуудлыг барьж авсан нь зөв байжээ гэдгийг ард иргэдийн баярласан царайнаас хараад улам бүр ойлгож байгаагаа хэлж байв. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын 10-ны өдөр уугуул иргэдийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үедээ асуудлыг аль болох даруй шийдэхээр ажиллаж буйгаа хэлсэн. Харин энэ удаад асуудал шийдэж буйгаа баталгаажуулан өөрийн биеэр ирж уулзаж байгаад ард иргэд бүр ч их баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын бэлтгэлийг өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлжээ. БОНХАЖ-ын сайдын А-235 тоот тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан, 1996 оноос өмнө амьдарч байсан иргэдийн судалгааг явуулж, уугуул и