СӨХ-нд шалгалт хийнэ
ШӨХТГ-аас нийслэлийн зарим дүүргүүдийн сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтынхаа талаар сэтгүүүлчдэд мэдээлэл хийв.
Хяналт шалгалтын хүрээнд Нийслэлийн 2365 иргэдээс 11 асуулт бүхий хуудсаар санал, асуулга явуулж дүгнэлт гаргаж Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн орон сууцны хорооллын иргэдтэй уулзалт хийж, санал, хүсэлтийг нь авч, мэдээлэл өгчээ.
Иргэдээс ирүүлсэн нийт 43 өргөдөл, гомдлыг шалган шийдвэрлэв. Хяналт шалгалтад хамрагдсан 15 сууц өмчлөгчдийн холбоонд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан аж.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлуудын шинж байдлаас харахад оршин суугч /хэрэглэгч/-ын эрх зөрчигдөх байдал түгээмэл байна. Зөрчил гарах болсон үндсэн шалтгаануудаас дурдвал СӨХ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий байгууллага буюу нийслэл, дүүргийн ЗДТГ-аас СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүй.
Мөн түүнчлэн СӨХ-ны үйл ажиллагаанд холбогдох хууль эрх зүйн орчин өнөөгийн нөхцөл байдалд төдийлөн нийцээгүй, хангалтгүй, тохиромжгүй, дутмаг зэрэг байдлаас үүдэлтэйгээр сууц өмчлөгчид өөрийн эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах боломж хязгаарлагдмал байна.
Хяналт шалгалтаар дараахь түгээмэл зөрчлүүд гаргадаг болох нь тогтоогдсон. Үүнд:
Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс гишүүнчлэлийн татвар гэх нэрээр СӨХ-доос төлбөр авдаг, тус байгууллагаас хууль бусаар тогтоосон тарифийг баримтлан
СӨХ-ны төлбөрийг СӨХ-оод иргэдээс авдаг;
СӨХ-г хууль бусаар СӨХДЗ ТББ-д элсүүлсэн;
СӨХ-ны төлбөрийг сууц өмчлөгчид өөрсдөө бус СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл дур мэдэн хууль зөрчиж тогтоодог;
СӨХ-ны гүйцэтгэх захирал өөрт олгогдсон эрхийг хэтрүүлэн холбоо болон оршин суугчдын эрх ашигт нийцэхгүй шийдвэрийг гаргадаг, үйл ажиллагаа явуулдаг;
СӨХ-ны гүйцэтгэх захиралд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий Хяналтын зөвлөл гэх субьект байдаг боловч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлдэггүй;
СӨХ-ны хурлыг хуралдуулдаггүй. Үүний шалтгаан нь нэг талаас СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал хуралдуулах үүргээ биелүүлдэггүй. Нөгөө талаас сууц өмчлөгчид иргэний үүргээ биелүүлж хуралдаа өөрсдөө оролцдоггүй;
СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл сууц өмчлөгчдөд үйл ажиллагаа, төсөв, түүний гүйцэтгэлийг тайлагнадаггүй.
Зарим СӨХ-г хууль тогтоомж зөрчиж оршин суугчдын оролцоогүйгээр байгуулсан,
Иргэд СӨХ-ны хууль эрх зүйн мэдлэг ихээхэн дутмаг;
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, холбогдох яам, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, сууц өмчлөгчдийн холбоод, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал хүсэлтийг нь авч хуулийн төсөлд тусгажээ.
Цаашид уг хуулийн төслийг сайжруулан эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр бэлдээд байна.