Амгалан дулааны станцын барилгыг зөрчлөө арилгахгүй бол зогсооно

2015 оны 6 сарын 19

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Амгалан дулааны станцын барилгын ажилд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ

 

2013 онд Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийн зөрчлөө арилгатал барилга угсралтын ажлыг түр зогсоох акт өгч байсан.

Гэсэн ч өнөөг хүртэл уг байдал хэвээр бөгөөд зураг  төсөл, норм, дүрмийн заалт зөрчсөн үйлдэл давтагдсаар байгаа аж.

Иймийн тулд өмнөх болон энэ удаа хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлөө 30 хоногийн дотор арилгахгүй бол барилга угсралтын үйл ажиллагааг зогсооно гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд онцгойлон анхаарууллаа.

Шалгалтын дүнгээс үзвэл холбогдох байгууллагууд нь зайлшгүй анхаарч засч залруулах шаардлагатай хэд хэдэн зөрчил байгаа юм. Тухайлбал станцын үндсэн барилгын суурийн цутгамал төмөр бетон дам нурууг төсөлд зааснаас 30 см зөрүүтэй цутгасан, дам нуруу  байрлах хэсэг болон суурийн хэсэгт хөнгөн бетон блок, улаан тоосгыг зуурмаггүйгээр байрлуулжээ.

Мөн шинэ, хуучин бетоны хооронд агаарын үе үүссэнээс хөрсний ус дотогш байнга нэвтэрдэг болжээ.  Газар доорх даацын үндсэн хийцүүдийн бетоны оронд тоосго өрж нүд хуурсан зүйл ч илэрчээ. Суурийн болон шалан доорх хөрсний нягтруулалтыг шаардлагын дагуу хийгээгүйгээс насос станц, хими ус бэлтгэл, хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, хийн компресссорын барилгуудын шалны доорх буурь хөрс 1.0м-1.5м хэмжээтэй доош сууж, шал хөндийрсөн байна.

Цаашид инженер, техникийн ажилтнуудыг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах, станцын аюулгүй болон ашиглалтын зай хэмжээг тогтоох, төмөр зам, авто замтай огтлолцсон уулзваруудын гармын зураг төсөл, барилга угсралт хийх хөрөнгийг шийдвэрлэх, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай байна.

Станцын дулаан, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын болон аюулгүй зай, хэмжээг Нийслэлийн Засаг даргаар тогтоолгож баталгаажуулах, зуух, даралтат савнуудын сорилт туршилтыг хөндлөнгийн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэн  Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бүртгүүлж, ашиглах зөвшөөрлөө авах зэрэг дүгнэлт, шийдвэрийг салбарын яам, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэхээр боллоо.

Одоогийн байдлаар станцын барилга угсралтын ажил 92 хувьтай байна. Амгалан дулааны станцын ажлын зураг төслийг БНХАУ-ын “China harbin power system engineering and research institute” компани, зургийн баталгаажуулалтыг “Интернэйшнл повер” ХХК, “Эм Си Эс интернэйшнл” ХХК, дулааны шугамын ажлын зураг төслийг “Сээмий” ХХК, дулааны станц, дулааны шугам сүлжээний угсралтыг БНХАУ-ын “China machinery engineering corporation” компани, туслан гүйцэтгэгчээр ажлыг “Хасу мегаватт” ХХК ажиллаж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23096
0 эможи
keyboard_arrow_up