Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх замыг хугацаанаас нь өмнө нээж, 2 дугаар шатны ажил эхэлнэ
Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил юм.
Зам засвар, шугам хоолой солих ажлыг төлөвлөгөөний дагуу 2015 оны 06 дугаар сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ. Эхний үе шатны ажил буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсгийг 06 дугаар сарын 07-ны өдрөөс хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгдэж байна. Эхний хэсгийн ажлыг 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикт зааснаас түрүүлж хийж байгаа тул хугацаанаас нь өмнө буюу 21-ний өдөр дуусгана гэж холбогдох албаныхан мэдээллээ. Тус ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзварыг 06 дугаар сарын 19-ний 20 цагаас 06 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл хаах юм. Тиймээс 06 дугаар сарын 21-ний 06:00 цагаас Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх уулзварын замын хөдөлгөөнийг нээж, 2 дугаар үе шатны ажил буюу Цэцэг төвийн уулзвараас УИД хүртэлх уулзварыг 06 дугаар сарын 21-ний 06:00 цагаас 07 дугаар сарын 05 хүртэл хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийнэ.
Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломжоор хангах зорилготой уг ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.