Улаанбаатар хотод дөрвөн зуун мянган мод ургуулна

2015 оны 6 сарын 16

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  ОНӨААТҮГ-ын  захирал Д.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Жилээс жилд Улаанбаатар хотын өнгө төрх сайжирсаар байна. Энэ жилийн хувьд нийслэлийн тохижилт, ногоон байгууламжийг арчилж ургуулах чиглэлээр  ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ ?

Улаанбаатар нэгтгэл энэ онд 2,7 тэрбум төгрөгөөр ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, арчлалтын ажлыг үндсэн 27 гудамжинд хийхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд нийтдээ 120 гаруй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайн аж ахуй нэгжүүд нь хуваарилагдсан нийтийн эзэмшлийн гудамж талбайдаа арчилгаа, нөхөн тарилтын ажил хийх бөгөөд  холбогдох зардлыг нийслэлийн төсвөөс гаргуулахаар болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан бүх нийтийн мод тарих өдөр болж өнгөрлөө. Тус өдөртэй холбогдуулан манай байгууллага мод тарьж ургуулах аянд нэгдэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд СХД-ийн 19 дүгээр хороонд “бичил төгөл” байгууллаа.

Өнгөрсөн онд бид  нийтдээ 400 гаруй мянган мод тарьсан бөгөөд модны ургалт 95 хувьтай байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт гэж үзэж байгаа юм. Энэ жилийн хувьд ч мөн  400 гаруй мянган мод тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ногоон байгууламжийн талбайд жил бүрийн хавар, намар цэнэг усалгааны ажил хийгддэг. Өнгөрсөн гурван сард бид хаврын цэнэг усалгааны ажлаа эхлүүллээ. Ингэснээр шинэ суулгацуудын ургалт сайжирч эрт нахиалах юм. Ер нь цаашид бид мод тарих аливаа хөдөлгөөний нэршлийг мод ургуулах хөдөлгөөн гэж өөрчлөх хэрэгтэй. Мод тарих бол мод ургуулах ажлын ердөө  20 хувь нь. Тарьсан модоо хэлбэржүүлэх, бордох,  ямар нэгэн механик гэмтлээс хамгаалах, ургалтын үед өнжөөд нэг услах зэрэг хүний нөлөөтэй цогц хөдөлмөрийн үр дүнд  мод ургаж нахиалдаг. Мод тарьчихаад мартаад явчихаж огт болохгүй.

2013 оноос эхлэн танай байгууллагад бүтцийн болоод хүний нөөцийн шинэчлэлүүд хийгдсэн гэж сонслоо. Жил ирэх тусам хот өнгөлөг болж байгааг үүнтэй холбон тайлбарлаж болох уу?

Манай нийтийн үйлчилгээний салбар  өмнө нь цалин багатай байсан учраас голдуу настай хүмүүс ажилладаг байлаа. Харин 2013 оноос хүний нөөцийн шинэчлэл хийсэн. Үүний хүрээнд  2013, 2014 онуудад тус тус 30 хувиар ажилчдын цалинг  нэмэгдүүлсэн. Ингэснээр манай ажилчдын цалин  дундаж төрийн албан хаагчийн цалингаас өндөр болсон юм. Мөн илүү цагийн мөнгө урамшуулал олгодог боллоо. Одоо  манай байгууллагад ажиллах иргэдийн хүсэл сонирхол нэмэгдэж нийт ажилчдын насжилт хүртэл залуужсан. Эдгээрийн үр дүнд ажлын бүтээмж эрс өсч байна. Мөн 2014 онд Сингапур, Хонконгод ажилтнуудаа туршлага судлуулж тэдний чадвар мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд 50 гаруй ажилтнаа БНХАУ-ын Манжуур хотод туршлага судлуулахаар явуулах гэж байна. Эдгээр ажилтнууд дунд нэг ч удирдах албан тушаалтан дарга нар байхгүй. Өдөр тутам нийтийн үйлчилгээнд ажилладаг энгийн  ажилтнууд байх юм. Энэ мэт ажилчдынхаа  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байна.

Танай байгууллага архидалттай хэрхэн тэмцэж байна. Эвгүй ч гэсэн энэ асуудал өмнө нь танай байгууллагад нилээд байсан тухай яригддаг ?

Илэн далангүй ярихад өмнө нь манай зарим ажилтан ажлын цагаар архи уух тохиолдол их байсан. Харин одоо архи уусан бол өдөртөө ажлаас нь халдаг болсон. Архитай тэмцэх  компанит ажлыг байгууллага дотроо өрнүүлсэн. Энэ ажлыг өрнүүлж эхэлснээр эхний саруудад  20-30 хүн архи уусан шалтгаанаар ажлаас халагддаг байлаа.  Харин ойрын хэдэн сар архины улмаас нэг ч хүн халагдсангүй.   Тодруулбал,  ажлын цагаар архи уудаг ажилтан байхгүй болсон гэсэн үг л дээ. Тэдний оюун санаа  далд ухамсарт ажлын цагаар архи ууж болохгүй гэдгийг ойлгуулж, суулгаж чадсан юм. Энэ нь мөн л ажлын бүтээмж, хамт олны уур амьсгалд эерэг нөлөө үзүүлж байна.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” техник технологийн дэвшлийг нэвтрүүлж эхэлсний нэг жишээ нь анх удаа  зам талбайгаа угаадаг болсон явдал гэж бодож байна ?

Сүүлийн 3 жилийн хугацаанд нийслэл хотын авто замыг сайжруулах, шинэ уулзвар бий болгох зэрэг олон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан авто замуудын арчлалтыг манай нэгтгэл хийж гүйцэтгэдэг. Энэ ажлынхаа хүрээнд шинэ техник технологийг нэвтрүүлэн ажиллаж эхлээд байна. Тухайлбал, өвлийн улиралд зам нөхдөг АНУ-ын Bobcat  загварын бага оврын олон үйлдэлт техникээс эхний ээлжинд дөрвөн машин авч ажиллуулж байна. Энэ нь зөвхөн зам нөхөөд зогсохгүй бусад олон үйлдэл хийх хүчин чадалтай машин юм. Иргэд мэдэж байгаа байх, Улаанбаатар хот зам талбайгаа угаадаг болсон. Ингэхдээ хүний гараар бус техникийн хүчээр энэ ажлыг гүйцэтгэдэг боллоо. Зам, талбай угааж арчилдаг 10 машин нийслэлд ажиллаж байна. Өвлийн улиралд авто замын халтиргаа гулгаатай хэсэгт ажилчид хүрзээр  давс цацдаг байлаа. 2013 оны өвлөөс эхлэн энэ жишгийг халж  давс цацах, усалгаа хийх зориулалт бүхий 14 машиныг нийтийн үйлчилгээнд ашиглаж  эхэлсэн.  Энэ мэтээр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д техник технологийн олон шинэчлэл хийгдэж, энэ ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нийслэлийн төсвөөс гаргаж байна.

Дулааны улирал эхэлж байна. Нийслэл хотод шинээр ашиглалтад орж буй авто замууд борооны ус зайлуулах шугамгүйн улмаас хурдан эвдрэх тохиолдол их гардаг. Энэ асуудлыг ер нь яаж шийдэх ёстой вэ ?

2013 оноос эхлэн шинээр тавигдсан авто замыг хүлээн авах улсын комиссийн бүрэлдхүүнд манай байгууллага багтдаг болсон. Учир нь  хоёр жилийн баталгаат хугацаа дууссан цагаас эхлэн манайх үргэлжлүүлэн арчлалт засварын ажлыг хариуцан явдаг юм.  Шинээр тавигдах авто замын зургийг гаргахдаа ус зайлуулах хоолойг тодорхой нарийн зурдаггүй байснаас таны асуусан ийм нөхцөл байдал үүсдэг байсан нь үнэн. Гэхдээ 2013 оноос эхлэн манай байгууллагаас “Борооны ус” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд нийслэлийн 14 байршилд ус тогтдог байсан замуудыг засч, борооны ус зайлуулах шугамд холбож өгсөн. Жишээ нь Олимпийн гудамжинд зун бүр их хэмжээний тогтоол ус бий болдог байсан. Үүнийг борооны ус зайлуулах шугамд холбоод улмаар нарны зам, төмөр замыг сэтэлж Сэлбийн голруу хаядаг болсон. Мөн Р.Гандигийн нэрэмжит гудамжинд жил бүр нуур цөөрөм үүсчихдэг. Үүнийг шийдвэрлэж борооны ус зайлуулах шугамд холбож Сэлбэ гол уруу хаядаг боллоо. Энэ жил  дахин 13 байршилд ус зайлуулах шугам татахаар төлөвлөж зураг төслөө боловсруулаад явж байна. Энэ мэт нийслэлд борооны ус ихээр тогтдог байсан газруудын асуудлыг шийдвэрлэсэн.

Энэ жил  нийслэлд цэцэг тарих уу ? Зарим иргэд нэг настай ургамал тарьж төсвийн мөнгөнд үрэлгэн хандлаа зэргээр шүүмжилдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ ?

Энэ жил цэцэг тарина. Цэцэг тарих нь нийгмийн маш олон  ач холбогдолтой. Тухайлбал явган хүний замыг тусгаарлаад цэцэг тарьчихсан байхад хэзээ ч хүн түүнийг гишгэж гардаггүй. Үүгээрээ иргэдийг хотын соёлд суралцуулж байгаа юм.  Мөн стресс ихтэй их хотод цэцэг тарих нь  иргэдэд эерэг энерги, баяр баясгалан төрүүлдэг ач холбогдолтой. Харьцангуй тоосжилт ихтэй нийслэлийн хувьд хотын өнгө үзэмжийг эрс  сайжруулдаг. Өндөр хөгжилтэй бусад орнуудад  нэг наст ургамлыг гудамж талбайдаа тарих нь тогтсон ажил байдаг. Учир нь тэд, миний дээр дурьдсан ач холбогдлыг сайн мэддэг гэсэн үг. Харин манайд үүнийг хэтэрхий шүүмжлэлтэй талаас нь хүлээж авах тохиолдол мэр сэр байна. Энэ жилийн хувьд их хэмжээгээр цэцэг  тарихгүй ч гэсэн бага хэмжээгээр төв гудамжиндаа тарих болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22949
0 эможи
keyboard_arrow_up