Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг: Багшлах боловсон хүчний ур чадварыг дээшлүүлж, сургалтын орчинг сайжруулна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй 2015 онд хийгдэж буй ажлын талаар цөөн хором ярилцлаа.
-Боловсролын хэлтсийн 2015онд ямар ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна вэ?
Нэгдүгээрт: Дүүргийнхээ хэмжээнд Бага боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. 2014-2015 оны хичээлийн жилд тус дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 19 сургуулийн 319 бүлгийн 10433 суралцагч бага боловсролын цөм хөтөлбөрөөр хичээллэсэн. Хөтөлбөрийн хүрээнд Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, туршлага солилцох “Анхдугаар зөвөлгөөн”-ийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, “Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс тухайн үйл ажиллагааг 2,5 сая төгрөгөөр санхүүжүүлэв.
Хоёрдугаарт: Сургуулийн өмнөх, суурь боловсролын төвшинд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын агуулга, хөтөлбөр, стандарт, үнэлгээ, арга зүй технологийн шинэчлэлийн хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан.
-Түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд ямар, ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр болон суурь боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх бэлтгэл ажлыг зураглал, төлөвлөгөө гарган хэрэгжүүллээ.
СӨБ-ын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, цөм хөтөлбөрийг танилцуулах, иргэд, олон нийтийн сэтгэлгээг өөрчлөхөд чиглэсэн олон ажлуудыг зохион явууллаа.
116 удаагийн сургалтанд 2260 багш, ажилчдыг хамруулсан. Дотоодод болон гадаадад туршлага судлах, судалгаа шинжилгээний ажилд татан оролцуулах чиглэлээр шат дараатай ажлуудыг хийсэн. Эхний ээлжинд бид нар 4 сарын 27, 28-нд Буриад улсын Чита хотод зохион байгуулагдсан “Хамтын ажиллагаа олон улсын хурал”-д 22 багш арга зүйч, эрхлэгч нарыг хамруулан оролцоод ирлээ. 5 сарын 25-27 өдрүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг зохион бйгуулахаар төлөвлөөд байна.
72 цэцэрлэгийг түшиглэн нийслэлийн хэмжээнд үзүүлэх ажлыг ЗДТГ-тай хамтарч хийсэн.
Суурь боловсролын хувьд түгээн дэлгэрүүлэх ажлыг 115-р сургуультай хамтран зохион байгуулж байна. “Суурь боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн арга зүй”-н сургалт, Загвар хичээл зааж, туршлагаа солилцох, Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг зохион явууллаа. Энэ ажлын эцсийн тайланг 6-р сард албан ёсоор танилцуулна.
-Боловсролын хэлтсээс дүүргийн 50 жилийн ойд зориулан ямар ямар арга хэмжээ зохиож байгаа вэ?
Дүүргийн 50 жилийн ойд зориулаад УИХ-ын гишүүн Л.Болд дэмжлэгтэйгээр ЕБС-ын дунд кросс уралдаан, Лувсанвандан сангаас ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд “Миний ном 2015” утга зохиол театрын урлагийн наадмыг зохион байгууллаа. Мөн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 500 хүүхдийн “бий биелгээ” 6 сарын 1-нд Чингсийн талбайд биелэхээр бэлтгэлээ хангаад байна.
-Танай дүүрэгт ирэх хичээлийн жилд хичнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дүүргийн хөрөнгө оруулалтаар 1 цэцэрлэг ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс гадна Буянд-Ухаа хороололд 120 хүүхдийн ортой цэцэрлэг баригдсан боловч одоо хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Ирэх хичээлийн жилд нааштайгаар шийдэгдэнэ байх гэж итгэж байна.
Ярилцлага өгсөн баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.