Н.Нямтогтох: Жилдээ 20 гаруй байгууллагад аудит хийдэг

2015 оны 6 сарын 09

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Нямтогтохтой ярилцлаа.

Сайн байна уу. Дотоод аудитын хэлтэс 2015 онд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар яриагаа эхлэе.

Дотоод аудитын албаны үйл ажиллагааны үр нөлөө  сайжирч байна. Төсөвт байгууллагууд өөрсдөө аудит хийлгэх хүсэлт санал  тавьдаг болж байгаа, илэрсэн эрсдлийг аудитын явцад арилгаж ажилласнаар төсвийн хөрөнгийн үр ашиг сайжрах улмаар хөндлөнгийн аудитаар эрсдэл бага зөрчилгүй дүгнэгдэх зэргээр илэрч байна.

Дүүргийн Дотоод аудитын хэлтэс одоогийн байдлаар ямар ямар газар аудит хийсэн бэ. Цаашдаа ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байна вэ?

Манай алба нь оны эхэнд төлөвлөгөөт аудит хийх байгууллагуудыг  календарчилсан төлөвлөгөөгөөр хийж дүүргийн Засаг дарга бөгөөд аудитын хорооны даргаар  батлуулж түүнийхээ дагуу ажилладаг.

Байгуулагдсныхаа эхний жил  “Гүйцэтгэлийн аудит” буюу өмнөх онуудын Санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд аудит хийж нийтлэг байгаа зөрчлүүдийг тогтоож арилгах арга хэмжээ авч ажилласан. Харин өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн “Явцын аудит” буюу  илэрсэн зөрчлийг тухайн цаг хугацаанд нь  арилгаж үр дүнд хүргэх зорилт тавьж ажилласнаар амжилтанд хүрч байна. Цаашид аудитыг үр дүнтэй болгохын тулд Явцын аудит, хэсэгчилсэн аудитыг хийх зорилт тавин ажиллаж байна.

Дотоод аудит хийх явцад эрсдэл, зөрчил хэр их гардаг вэ?

            Эхний үед төсвийг зориулалт бусаар зарцуулах, төсвийг хэтрүүлэх, төлөвлөлт оновчтой бус, төсвийн үр ашиг хангалтгүй, НББ-ийн анхан шатны бүртгэлийг бүрэн хөтөлдөггүй, байгууллагын дотоод хяналт, ажлын хариуцлага сул зэрэг зөрчил нийтлэг илэрч байсан. Одоогийн байдлаар зөрчил нилээд багасаж төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт харьцангуй сайжирч байна.

Өмнө нь өнгөрсөн зөрчлийг нөхөн арилгадаг байсан бол одоо явцын аудитаар тухайн үедээ илэрсэн эрсдэлээ аудитын явцад арилгадагаас илүү үр дүнд хүрч зөрчил ч  багасаж байгаа юм.

Нэг жилийн дотор хичнээн газарт дотоод аудит хийдэг вэ?

            Жилдээ 20 гаруй байгууллагад аудит хийдэг. Манай алба байгуулагдаад 3дахь жилдээ ажиллаж байна. Энэ оны аудит хийгдсэнээр дүүргийн төсөвт байгууллагуудад Дотоод аудит бүрэн хүрч ажиллах  юм. Одоогийн байдлаар манайх 9 байгууллагад төлөвлөгөөт аудит хийгээд явж байна. Үүнээс 60-аад хувь нь бага эрсдэлтэй, үлдсэн 40 хувь нь эрсдэл ихтэй хоёр байгууллага гарч байна. Аудитын тайланг дүүргийн Аудитын хорооны хуралдаанд оруулж эцсийн шийдвэр гаргадаг. Зөрчлийн байдлыг харгалзан хуулийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрийг Хорооноос 2 удаа гаргаж 1 байгууллагын зөрчлийг шийдвэрлэн 10.2 сая төгрөгийг Улсын төсвийн орлого болгон, 1 байгууллагын материал Дүүргийн Цагдаагийн хэлтэст  шалгагдах шатандаа явж байна.

Танайх байгууллагуудад мэдээлэл, зөвлөгөө өгч сургалт семинар явуулдаг уу?

            Тухайн байгууллагын эрсдэлд тохирсон эрх зүйн акт, мэргэжлийн зөвлөмж өгч гарын авлага өгдөг. Мөн мэргэжлийн хяналтын хэлтэс, төрийн сантай хамтраад дүүргийн төсөвт байгууллагуудын төсвийн шууд захирагч, санхүү, бүртгэлийн ажилтанд  сургалт явуулж ажилласан. Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран бүх төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт хоёр удаагийн  сургалт-ярилцлагыг хийсэн. Цаашдаа холбогдох хэлтэсүүдтэй байнга хамтран ажиллах  зорилготой байгаа.

Аудит хийж байгаа газрууд танай ажлыг хэрхэн хүлээж авдаг вэ. Дургүйцэх асуудал гардаг уу?

Анх байгуулагдаж байхад мэргэжлийн хяналт болон нийслэлийн аудитын газартай  давхардаад байгаа мэтээр ойлгож байсан. Харин зорилгоо тайлбарлаад аудит хийж,  хөндлөнгийн аудит болон хяналтын байгууллагын шалгалтаар зөрчилгүй дүгнэгдэхээр дотоод аудиттай хамтарч ажилласнаар үр дүнд хүрэх юм байна гэдгийг ойлгодог болсон. Гадны аудитаар зөрчилгүй гарсан, хөндлөнгийн хяналтаас өмнө аудит хийлгэмээр байна гэж хүсэлт тавьдаг болсон. Үүнээс үзэхэд одооноос л зөв ойлголт авч байгаа нь харагдаж байна. Хамтран ажиллаж  аудиторууд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж, хугацаатай үүрэг өгч аудитын явцад зөрчлийг арилгуулж Аудитын тайланд  “зөрчлийг арилгасан” гэсэн дүгнэлт гардаг. Үүнийг эергээр хүлээн авч зөрчлийг бүрэн арилгаж биелэлтийг шалгуулах сонирхолтой болсноор хамтран үр дүнд хүрч ажиллаж байна.

 Төсөл, хөтөлбөрийн аудит хийдэг үү?

            Хийдэг. Аудит хийхэд Томоохон хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөр,  арга хэмжээний хөрөнгө оруулалтын зарцуулалтад аудит хийх хамгийн хүндрэлтэй байдаг. Тиймээс  мэргэжлийн  талаар хяналт тавьдаг хэлтэс тухайлбал Дэд бүтэц, тохижилтийн хэлтэстэй хамтарч хяналт тавих мэргэжлийн зөвлөгөө тусламж авч ажиллах болсон. Бид тухайн ажлыг стандартын дагуу гүйцэтгэсэн  эсэх, чанар, үр дүн, төсвийг нь хамтран хяналт тавих зорилт тавьж байна.  Түүнчлэн хамгийн эрсдэл ихтэй хэсэгт нь илүү анхаарч хамтын хяналтыг чиглүүлэн ажиллах юм.

           Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22741
0 эможи
keyboard_arrow_up