160 айлын орон сууцны барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо
Хан-Уул дүүрэгт байрлах “Нэхмэлийн шар” байруудыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 6, 7 дугаар заалтын дагуу дахин төлөвлөж, барилгажуулхаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр төслийн эхний ээлжийн 160 айлын орон сууцны барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Энэ арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, НЕТГ-ын орлогч дарга Э.Анар зэрэг албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус дүүргийн “Нэхмэлийн шар”-ын хорин байранд 450 орон сууц өмчлөгч, 40 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Харин энэ удаа “Нутгийн буян групп” ХХК 44 орон сууц өмчлөгч, 4 аж ахуй нэгж байгууллагатай гурван талт гэрээ байгуулан ажиллах юм.
Энэ ажлын хүрээнд “Нутгийн буян групп” ХХК 15, 19-р байрны 0,56 га талбарт 416 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний хүртээмжийг сайжруулан үйлчилгээ, оффисын барилга байгууламжыг барьж байгуулахаар болжээ.