Б.Төмөрбаатар: Иргэний бүртгэлээр 17500, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээр 15700 гаруй бүртгэл хийлээ
Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төмөрбаатар ажлаа аваад удаагүй байхад нь уулзаж 2015 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын явцын талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Та ажлаа аваад удаагүй байгаа тэгэхээр юуны өмнө Бүртгэлийн хэлтсийн бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулна уу?
ХУД-ийн Бүртгэлийн хэлтэс нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл гэсэн хоёр чиглэлээр иргэдэд үйлчилж байна.
Хэлтсийн хэмжээнд хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч 1, улсын ахлагч бүртгэгч 2, улсын бүртгэгч 31, гэрээт ажилтан 2, мэдээлэл технологийн ажилтан, бичиг хэргийн ажилтан, нярав, үйлчлэгч гэсэн нийт 41 бүтэцтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
-Иргэний бүртгэлд ямар бүртгэлүүд багтдаг вэ?
Иргэний бүртгэл нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, иргэний үнэмлэхний бүртгэл, шилжилт хөдөлгөөний бүртгэл гэсэн төрөлтэй байдаг.
Мөн Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл нь дотроо 8 төрөлтэй. Шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ олгож, шинэ эцэг тогтоолтийн бүртгэл, хуучин эцэг тогтоолтын бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт цуцлалтын бүртгэл, гэрчилгээнд засвар өөрчлөлт оруулах бүртгэл, гэрчилгээ буюу гэрлэлтийн баталгаа дахин олголтын бүртгэл багтдаг.
Иргэний үнэмлэхний бүртгэл нь 16 нас хүрээд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж шинээр иргэний үнэмлэх авах, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэх дахин олголтын бүртгэл, 25,45 насны хугацаа сунгалтын бүртгэл гэсэн бүртгэлүүд багтдаг.
-Иргэд өөрсдийн амьдарч байгаа хороон дээр ямар төрлийн бүртгэлүүдийг хийлгэх боломжтой вэ?
Хан-Уул дүүрэг нь 16 хороотой, нийт хорооны улсын бүртгэгч нар дүүргийн иргэдэд шилжих хөдөлгөөний бүртгэл, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, гэрлэлт цуцлалтын гэрчилгээ, нас барсны гэрчилгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгож байна. Мөн дүүргийн 12 хороо онлайнд холбогдсон бөгөөд иргэдийн гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт цуцлалтын бүртгэл /шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд /-ийг бүртгэн гэрчилгээг олгохоос гадна иргэний үнэмлэхний болон хаягийн лавлагааг онлайн системээс хэвлэн гаргаж өгч байна.
-Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувьд хагмийн их маргаан дагуулдах байх. Тиймээс энэ бүртгэлд ямар бүртгэлүүд хамаардаг вэ?
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд шинээр байр ашиглалтанд ороод анхны бүртгэл мөн газрын бүртгэл, барьцааны бүртгэл, өмчлөх эрх шилжүүлэх бүртгэл, архивын лавлагаа мөн бүртгэлд өөрчлөлт оруулах архивын лавлагаа, газар бусад өмч эзэмших эрх шилжүүлэх гэх мэт бүртгэлийг хийж байгаа.
-Он гарснаас хойш хичнээн иргэдэд бүртгэлийн үйлчилгээг хийгээд байна вэ?
2015 он гарснаар иргэний бүртгэлийн чиглэлээр 17500 бүртгэл, эд хөрөнгийн чиглэлээр 15700 бүртгэл хийсэн байна. Ер нь ажлын ачаалал жигд болсон. Хэлтсийн хэмжээнд иргэний бүртгэлийн чиглэлээр өдөрт дүүрэг дээр 100 гаруй иргэд, хороодод мөн 130 орчим иргэд, эд хөрөнгийн бүртгэлийн хувьд мөн адил 120 орчим нийт 350 гаруй иргэдэд үйлчилж байгаа.
-Заавал иргэд дүүрэг, хороод дээрээ ирж мэдээлэл, зөвлөгөө авах ёстой юу. Эсвэл тусгай лавлах утсаар мэдээлэл авах боломж байдаг уу?
Манай Бүртгэлийн хэлтсийн хэмжээнд 70121255, 70111258, 70111257 утсаар иргэдэд зөвлөгөө өгч, хүссэн асуултанд нь хариулт өгч шуурхай үйлчилж байна. Мөн манай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 1800-1890 лавлах энгийн утасны тарифаар иргэдийн асуусан иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, архив,гадаадад зорчих эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн талаар хариулт өгч байгаа. Бүртгэлийн хэлтсийн фэйсбүүк пэйж хуудастаа хийх гэж байгаа болон хийж байгаа ажлуудаа тогтмол мэдээллэж байгаа.
-Бүртгэлийн хэлтсээс 2015 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ямар ажил байна. Мөн шинээр хийгдэж байгаа томоохон ажлуудаасаа дурьдвал?
Манай хэлтэс Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтарч 90-ээс дээш насны ахмадууд, тэнэмэл гэр оронгүй иргэд бичиг баримтын зөрчилтэй иргэний шинэчилсэн бүртгэлд ороогүй иргэдийн судалгааг дүүргийнхээ 16 хороонд хийгээд бичиг баримтжуулах ажил хийх гэж байна. Энэ ажил нь дүүргийн 50 жилийн ойг угтаж хийж байгаа томоохон ажлуудын нэг болж байгаа юм.
2015 оны хоёрдугаар сард “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж 120 гаруй иргэдэд иргэний болон эд хөрөнгийн чиглэлээр хууль эрх зүйн зөвлөгөө өгч, бүртгэлийн мэдээлэлтэй холбоотой гарын авлага тараасан. Мөн ХУД иргэний танхим, улсын бүртгэлийн газар, сэргээн засах үндэсний хүрээлэн бусад дүүргийн Бүртгэлийн хэлтэсүүдтэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхэд зориулж анхан шатны дохионы хичээлийг гурав хоног зааж бүртгэгчиддээ сургалт явуулсан.
ХУД-ийн 52-р сургууль дээр энэ оны 3 сард 15-16 настай аравдугаар ангийн 60 гаруй хүүхдэд иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаар сургалт явуулсан.
2015 оны 5 дугаар сарын 15-нд Дэлхийн гэр бүлийн баярын өдрөөр гэрлэсний баталгааг ёслолтой гардуулах, гэр бүлийн андгай өргүүлэх хүндэтгэлийн арга хэмжээг ХУД-ийн Соёлын ордон, Засаг даргын Тамгын газартай хамтран 4 хосын гэр бүлийг бүртгэн гэрлэлтийн гэрчилгээг гардуулан олгосон.
-Бүртгэлийн хэлтэс 2015 онд дүүргийн татварт хичнээн төгрөгний татвар төвлөрүүлж ажиллахаар байгаа вэ?
Бүртгэлийн хэлтэс нь энэ жил Улсын тэмдэгтийн хураамж,эд хөрөнгө борлуулсаны ашигын татвар болох 3 тэрбум төгрөгийн төсөв төвлөрүүлхээр ажиллаж байна. Энэ жил манай дүүрэгт Буянт-Ухаа 2, Хүннү хороололууд мөн шинээр олон барилга байгууламжууд ашиглалтанд орох тул манай хэлтэс төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөгөө 100% биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа.
-Цаашид хийж хэрэгжүүлэх 2015 онд төлөвлөсөн ямар томоохон ажилууд байна вэ?
2015 онд хийгдэх хамгийн том ажил бол сонгуулийн жилийг угтаж 16 хороодын иргэдийн хаягын бүртгэл буюу давхардсан бүртгэлийг арилгах зорилготой байна. Мөн бүртгэлийн зөрчилтэй болон огт бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.