Швейцари Улсын Элчин Сайд Шан Шак Де Дарделыг хүлээн авч уулзлаа

2015 оны 6 сарын 03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Швейцари Улсын Элчин Сайд Шан Шак Де Дарделыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Хотын засаглал” төслийг энэ оноос хэрэгжүүлэх, гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар хотын хотжилттой холбоотой зарим асуудал, нийслэлийн хөгжлийн хэтийн төлөв, гэр хорооллын дахин төлөвлөлт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотын хөгжилд дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг Швейцарийн Элчин Сайдын яаманд талархал илэрхийлье. Бид Хот байгуулалтад иргэдийн оролцоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ч үүднээс аливаа нэг бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ иргэдээс өөрсдөөс нь асууж, тэдний санал бодлыг тусгадаг болсон. Мөн Хотын захиргаа Азийн сантай хамтран гэр хорооллын иргэдийн амьдрах орчны зураглал, эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлж эхэлсэн нь хот байгуулалтын суурь бааз болж чадсан. Иргэдийн эрүүл аюулгүй нөхцөлд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд нэн түрүүнд байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ тал дээр танай улсын дэмжлэг хэрэгтэй байгаа юм.  Монгол Улсын түүхэнд анх удаа өөрийн үндсэн дүрэмтэй, энэхүү дүрмээ иргэд нь өөсдөө баталсан нийслэлийн дагуул Налайх, Багануур хотыг байгуулсан. Энэ бол маш чухал түүхэн шийдвэр юм. Мөн Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийг байгуулсан. Тиймээс Швейцари Улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэв.   

Харин Швейцари Улсын Элчин Сайд Шан Шак Де Дардел “Улаанбаатар хотод 4 дэх удаагаа зочилж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот ирэх болгонд хөгжиж, Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажил дэвшилттэй байгааг харахад таатай байна. Иргэд өөрсдийн ирээдүйгээ шийдэх гэж байгаа учраас Хотын хөгжилд иргэдийг оролцуулах нь маш чухал шийдвэр юм. Танай хотод байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж, иргэдийн чадавхийг нэмэгдүүлж,  Швейцарийн хувийн хэвшлийн компаниуд Улаанбаатар хотын төр хувийн хэвшлийн түншлэлд хамтран ажиллахдаа таатай байх болно. Цаашид бүхий л салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22530
0 эможи
keyboard_arrow_up