С.Хүрэлбаатар: Гэмт хэргийн илрүүлэлт 63.3 хувьтай байна

2015 оны 6 сарын 02

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө Цагдаагийн 1-р хэлтсийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс маань 100 гаруй албан хаагчидтай дүүргийн 1,2,4,11,15-р хороо буюу нийт 5 хороог хариуцсан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гэмт хэрэг гарсаных нь дараа бус гарахаас урьдчилан сэргийлж гаргахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд хороо тус бүр дээр 11 хүний бүрэлдэхүүнтэй багийг байгуулсан ба энэ ажил нь урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг ажил гэж хэлж болно. Энэхүү  баг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах  чиг үүрэгтэй бөгөөд хороо бүр эзэнтэй болсноор гэмт хэрэг гаргахгүй байх үндсэн нөхцөл болж өгдөг.

-Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлтийн үзүүлэлт хэр байна вэ?

Дүүргийн хэмжээнд гэмт хэргийг илрүүлэлт  63.3 хувьтай байгаа ба энэ үзүүлэлтээрээ нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулан үзэхэд бид хоёрдугаарт бичигдэж байна. Харин өмнөх жилтэй харьцуулан үзвэл хэргийн илрүүлэлт 51.4 хувь байсныг 61.4 хувь болгож өсгөсөн байгаа. Мэдээж гэмт хэрэг гарна. Гарсан хэргийг хугацаа алдаалгүй илрүүлэх, шийдвэрлэх чиг үүргийг баримталж байна.

-Энэ жил Хан-Уул дүүргийн 50 жилийн ой тохиож байна. Танай хэлтэс уг арга хэмжээнд ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

Дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хувьд дүүргийн 50 жилийн ойтой холбогдуулан олон төрлийн ажлыг төлөвлөж, зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, дүүргийн ард иргэдийг аюулгүй, амар амгалан, тайван байлгах зорилгоор таван хороо тус бүрт хөдөлгөөнт эргүүл, машинт эргүүлүүдийг ажиллуулж байгаа. Хороодын дэргэд хөршийн холбоог саяхан байгуулсан ба ингэснээр гэр бүл доторхи хүчирхийллийн асуудал, гэр оронд айлган сүрдүүлэх асуудлыг багасгах боломжтой юм.

-Цагдаагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Явуулж буй сургалт бол хангалттай түвшинд байна гэж үзэж байгаа. Албан хаагчдын мэргэжлийн  ур чадвар болон ажлын чиг үүргийг ойлгуулах,  дээшлүүлэх чиглэлээр хэлтэс дотооддоо бүх төрлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Үүнээс гадна  Цагдаагийн ерөнхий газар, УБ хотын Цагдаагийн газраас зохион байгуулж буй сургалтанд баг хамт олноороо идэвхтэй хамрагдаж байна. Мөн цаашид анхаарах нэг зүйл бол сургалт маш ихээр явагдаж байгаа дээр дадлагыг орхигдуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, дадлага сургалт хоёрыг уялдуулж чадвал илүү үр дүнтэй болно гэж боддог. Иймд бид  сургалт дадлага хоёрыг хослуулан ажиллаж байна.

-Хэлтсийн хувьд хүндрэлтэй шийдвэрлэх шаардлагатай ажлуудаасаа хуваалцана уу.

Дүүргийн 5-н хороо маань таван хэсгийн байцаагчтай, таван олон нийтийн цагдаатай. Нэг хороонд буюу 4000-5000 иргэнд нэг хэсгийн байцаагч ноогдож байгаа нь хангалтгүй байгаа. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж ард иргэд бүрт хүрч ажиллах боломжгүй хүндрэлтэй асуудлууд нилээд байгаа. Үүнийг ЦЕГ болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд орон тоог нэмэх бодлого барин ажиллаж байгаад баяртай байдаг.

-Цагдаагийн ажилтны цалин бага ажил дуусдаггүй хүнд хэмээн ярьцгаадаг. Тангараг өргөсөн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх талд хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

Өнөөдрийн байдлаар дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай энэ асуудлаар уулзсан ба  нилээдгүй албан хаагчдын нийгмийн асуудлын талаар ярилцаж шийдвэрлэх гарцуудыг эрэлхийлж байна. Одоогийн байдлаар нэг албан хаагчийн гэр бүлд гэр олгосон, бас нэг албан хаагчийн гэр бүлийн хэрэгцээний газрын асуудлыг шийдэхээр болсон гэх мэт асуудлуудыг шийдвэрлээд байгаа.  Нийгмийн асуудал сайн байна гэдэг маань цагдаагийн албан хаагчдын ажилдаа хандах хандлага, сэтгэн бодох үйл ажиллагаа, ажлын  хурд, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжыг бүрдүүлж байгаа гэсэн үг. Харин ар гэр нь бага зэрэг гачигдалтай, хүндрэлтэй байх нөхцөлд ажлаас илүүтэй ар гэртээ санаа тавиад албан үүрэгтээ дутуу хандаад байх тохиолдол их ажиглагддаг. Тиймээс албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нилээдгүй ажлууд цаашид хийгдэхээр байна. Үүнийг дүүргийн  Засаг даргын зүгээс ч ойлгон, нааштай хүлээж авч байгаа бөгөөд шийдэх боломжтой гэсэн хариу өгсөн.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22456
0 эможи
keyboard_arrow_up