Л.Хадбаатар: Хан-Уул дүүргийн ахмадуудын шинэчилсэн бүртгэл хийгдэж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн ахмадын хорооны дарга Л.Хадбаатартай шинэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэл хийгдэж буй ажлуудын талаар ярилцсанаа хүргэж байна.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дүүргийн ахмадын хороогоор сонин юутай вэ?
2015 он гарснаар Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраас эхлээд ахмадын хорооны ажил ундарч эхэлдэг. Тус баяраар бид дүүргийн 10 дугаар хорооны 85-аас дээш настай 30 гаруй ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн. Харин өрхийн орлого багатай өндөр настангуудад дүүргийн залуучуудын холбоотой хамтран “бууз” аянг зохион байгуулсан. Уг аянд цагаан сарынхаа буузны бэлтгэлийг хийж чадахгүй байгаа ахмадуудад тустай ажил болсон. Миний бие тус аянд зориулан 500.000 төгрөгийн хандив өргөсөн.
Ахмадын хороо одоо ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?
Манай ахмадын зөвлөлийн дарга нар дүүргийнхээ ИТХ-ын хороод дахь иргэний тэнхимтэй хамтран ажиллах хамтын гэрээ байгуулж ажиллаж байна. Мөн дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран ахмад настаны нийгмийн асуудлыг сайжруулах хөтөлбөр боловсруулан бэлтгэл ажил нь эхлээд явж байна. Хан-Уул дүүрэгт оршин суудаг нийт ахмадуудын дэлгэрэнгүй судалгааг хороодод хийлгэхээр даалгасан байгаа. Судалгааны ажил 60 хувьтай явж байгаа ба 6 дугаар сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэй байна. 2015 онд ахмадын хороо засаг даргатайгаа үр дүнгийн гэрээгээ хийж батлуулсан.
Өмнө нь хийгдэж байсан ахмадын бүртгэл бий юу?
Хуучин бүртгэлжүүлэлт бол байгаа. Энэ нь 2 жилийн өмнөх бүртгэл юм л даа. Түүнээс хойш нас барсан, хөдөө гадаа явсан, оршин суугаа байршилаа өөрчилсөн зэрэг өндөр настанууд байдаг. Тиймээс жил бүр энэхүү ажлыг хийж байх ёстой. Нарийвчилсан судалгаа байнга л хийж байхгүй бол өндөр настангууд ертөнцийн мөнх бус үзүүлэх явдал гарна шүү дээ.
Энэ жил Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд онцолж хийх ажил байгаа юу?
Дүүргийн 50 жилийн ойтой холбогдуулан нийт ахмадын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнуулахаар хүсэлт гаргасан байгаа. Үүнийгээ дүүргийн Засаг дарга Тамгын газарт хүргүүлсэн. Энэхүү ойтой холбогдуулаад дүүрэгт он удаан жил ажилласан дүүргийнхээ ахмадын байгууллагад идэвхи зүтгэлтэй ажилласан хүмүүсийн дунд ахмад уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн гаргахаар бэлдэж байна.
Дүүргийн залуучуудын холбоо ахмадын хороо хоёр хоорондоо нягт хамтран ажилладаг уу?
Ахмадын хороо залуучуудын холбоотойгоо маш сайн хамтран ажилладаг. Ер нь цаашдаа ч хамтарч ажиллах болно. Тиймээс миний зүгээс ч манай хорооны зүгээс ч үүнийг нь маш их дэмждэг. Тодорхой хэмжээнд мөнгөн тусламж үзүүлж чадахгүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ боломжит бусад төрлөөр үргэлж дэмжин ажилладаг.
Одоогоор Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй хэдэн ахмадууд байна вэ?
Ерөнхийдөө манай дүүрэгт 10.200 гаруй ахмад байна гэж 2014 оны байдлаар тоологдсон. Одоо энэ жил шинэ бүртгэл хийгдэж байгаа учраас баттай эцсийн тоо гараагүй байна. Манай дүүрэг ахмадууддаа бүсчилсэн хөгжлийн төвүүдийг ажиллуулдаг. Тухайлбал манай дүүрэг 16 хороогоо 4 хөгжлийн төвүүдэд бүсчилсэн. Нэгдүгээр бүсэд Рапид харш 1,2,3,11,15 дугаар хороо, хоёрдугаар бүсэд нь Яармагийн 4,5,6,7,8 дугаар хороо, гуравдугаар бүсэд нь нисэхийн 9,10,16 дугаар хороо, дөрөвдүгээр бүсэд нь Био, Шувуу, Өлзийт гэсэн хороололууд багтдаг.
Дүүргийн ахмадууд хэр идэвхи сайтай байдаг вэ?
Манай ахмадуудын оролцоо харьцангуй сайн. Ахмадууд дунд соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь ганцаардах байдлаас сэргийлэх зэрэг олон ач тустай байдаг нь ажиглагдсан. Мөн бид хуулинд заасан нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлт тусламжаас гадна өдөр тутмын амьдралд нь тохиолддог эдийн засгийн бэрхшээлтэй асуудалд нэг удаагийн буцалтгүй тусламж дэмжлэг үзүүлэх журмын төсөл боловсруулж байгаа.
Амжиргааны түвшин доогуур ахмадууд руу чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна вэ?
Хан-Уул дүүрэгт хүнд хэцүүхэн амьдралтай өндөр настангууд их олон байдаг. Эдгээр хүмүүст зохих хэмжээний амьдралд нь нэмэр болох багахан буцалтгүй тусламж халуун сэтгэлийн гар сунгах явдал байдаг. Үүний дагуу бид тун удахгүй удирдах зөвлөлийнхөө хурлыг зарлах гэж байна. Энэ асуудлаар манай хороонд тодорхой хэмжээний өргөдөлүүд ирдэг. Манай хороонд ИНТХ-аас яг энэ чиглэлээр төсөв тавигдсан. Тиймээс энэхүү мөнгийг зөв зохистой хүрэлцэх хэмжээнд нь тарааж өгөх гэж байна. Энэ ажил нь урьд өмнө нь явагдаж байгаагүй ажил учраас манай дүүргээс анх удаа зохион байгуулах юм.
Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.