Ж.Оюунцэцэг: Суралцаж амьдарцгаая

2015 оны 5 сарын 29

ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэгтэй  2015 онд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлаа.

Сайн байна уу. Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа хийгдэж байгаа ажлын явцын талаар ярилцлагаа эхлэе?

 

Тус төв нь 2015 онд  дүүргийнхээ хүн амд  насан туршийн боловсролын үйлчилгээг гэр бүл,ёс суртахуун төлөвшил, гоо зүйн мэдрэмж, амьдрах ухаан, иргэний боловсролын агуулгын хүрээнд хэрэгцээний судалгаан дээр үндэслэн шинэ арга зүй, нэр төрлөөр хүртээмж,чанартай хүргэх зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байна. 1 дүгээр улиралд  сургалтаар 1697 хүн, уулзалт, өдөрлөг, уралдаан тэмцээн, хэлэлцүүлэгт 2752 хүн оролцож боловсролын ерөнхий түвшингөө дээшлүүлсэн. Сургалт,олон нийт рүү чиглэсэн олон талт ажлыг хамтран ажиллах гэрээ, захиалагын дагуу хороодын иргэд,ЕБС,СӨБ-ийн багш,хүүхдүүд, албан байгууллагуудад үйлчилгээгээ тасралтгүй хүргэж ажилладаг.

 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ШУТИС-ийн бизнесийн удирдлага,хүмүүнлэгийн сургууль, Хүн амын аюулгүй байдлын судалгааны төв, Каритас Чех байгууллагуутай  хамтран нийслэлийн дүүргүүдийн Албан бус-Насан туршийн  боловсролын төвийн 32 сургагч багш нарыг бэлтгэж, “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүн худалдаалах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх нь” сэдвээр шинэ хөтөлбөрүүд боловсруулан үйлчилгээгээ өргөжүүлсэн.

Цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран ”Жендэр ба Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”сэдэвт нэгдсэн арга хэмжээг Яармаг, Нисэхийн  бүсийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид,хороодын ажилтнууд,иргэдийг оролцуулан  зохион байгуулж, нийт 594 хүний хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүллээ.

Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн ЗГ , Монгол Улсын ЗГ, БСШУЯ, НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Залуучуудын хөгжил” дэд төслийн хүрээнд 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай “Амьдрах ухааны “ танхим байгуулагдсан.

Танхимаа түшиглэн 16-35 насны өсвөр үеийнхэн, залуучуудад  өөртөө итгэх итгэл,сэтгэлийн хөдөлгөөн,шийдвэр гаргалт, төлөвлөлт, стрессийг зохицуулах нь, бусдын зовлонг ойлгох,хорт зуршлаас сэргийлэх нь, шүүмжлэлт сэтгэлгээ, холбоо хамаарал, залуучуудад ээлтэй бэлгийн боловсрол, БЗДХ,ХДХВ-ын халдвар болон ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх нь, жендерт суурилсан хүчирхийллээс  урьдчилан сэргийлэх нь сэдвүүдээр  амьдрах ухааны сургалтыг  явуулж байна.

Дүүргийн нийгэм эдийн засгийн зорилт болон засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр мэргэжлийн ур чадвар олгох, мэргэжил эзэмшүүлэх тур сургалтын тендэрийн  эрх авч европ болон монгол үндэсний хувцасны оёдол эсгүүр , зүү ороох урлаг, гар урлалын чиглэлээр 42 иргэнийг сургаж өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлсэн.Түүнчлэн  гоо сайхны мэргэжлээр 22  хүн суралцан мэргэжлийн 3-р зэрэг эзэмшиж 75%  нь ажлын байртай болсон. Компьютерийн ур чадварыг 42 иргэн эзэмшиж, ажил эрхлэхэд нь дэмжлэг үзүүлсэн.

Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс явуулж байгаа сургалтуудад иргэд хамрагдахаар бол ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Хан-Уул дүүргээс өөр дүүргийн хүмүүс ч гэсэн сонирхсон сургалтандаа  хамрагдах боломжтой юу?

Нийслэлийн 8 дүүрэгт Албан бус-Насан туршийн боловсролын төвүүд бие даасан хэлбэрээр ажилладаг. Төв бүр бүтэц орон тоо,үйл ажиллагааны хувьд онцлогтой бөгөөд  аж төрөх ухааны ур чадвар олгох оёдол эсгүүр, гар урлал, гоо сайхан, үсчин, г.м сургалтуудыг  явуулж мэргэжил эзэмшүүлэх, комъпютер,номын сангийн үйлчилгээгээрээ туршлага хуримтлуулсан. Манай байгууллага харьяалал, нас, хүйс харгалзахгүйгээр үнэ төлбөргүй үйлчилдэг. Сургалтанд хамрагдахаар ирж байгаа иргэд хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбартайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлээд хүссэн сургалтанд хамрагдах бүрэн боломжтой. Бидний үүд хаалга үргэлж нээлттэй байдаг гэдгийг хэлэхэд таатай байна. Сургалтын цаг хугацаа, сонгон суралцах хэрэгцээгээ өөрөө тодорхойлох  боломжтой нь насан туршийн боловсролын үйлчилгээний давуу тал юм.

2015 онд хийж хэрэгжүүлэхээр эхэлсэн томоохон ямар ажлууд байна. Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд ямар ажлыг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ?

Дүүргийн 50 жилийн ойг угтсан дүүргийн хэлтэс албад бүр ажлын төлөвлөгөө гаргасан. Боловсролын байгууллагын хувьд бид Хан-Уул дүүрэгт нэр төртэй ажиллаж байсан ахмад буурлуудтай уулзаж, иргэд хүүхэд залуучууддаа тэдний амьдралын түүх, сургаалийг өвлүүлэн үлдээх зорилгоор ном бүтээхээр ажиллаж байна.

ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22371
0 эможи
keyboard_arrow_up