Зорчих тасалбарыг интернэтээр захиалдаг болно
Ирэх долдугаар сард автотээврийн салбарын 90 жилийн ой тохож байгаа. Ойн хүрээнд Автотээврийн үндэсний төв нэлээд олон шинэлэг ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн газрын дарга Ж.Энхбаттай ярилцлаа.
-Автотээврийн салбар үүссэний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Албан ёсны 90 жилийн ой ирэх долдугаар сарын 19-ний өдөр тохиож байгаа. Өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсад 994 мянга гаруй жолооч бий гэсэн судалгаа байгаа юм. Гурван хүн тутмын нэг нь жолооч гэсэн үг. Тэгэхээр энэ баярыг жолооч бүрийн баяр гэж ойлгож болно.
Хот хоорондын зорчигч тээвэр үйлчилгээг 42 аж ахуйн нэгжийн 1000 гаруй тээврийн хэрэгсэл үзүүлж байгаа. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний дийлэнх нь алслагдсан чиглэл байдаг юм. Тиймээс тээврийн салбарт дэвшилттэй олон ажлыг ой угтан хийж байна. Тухайлбал, хот болон улс хоорондын зорчигч тээврийн автобуснуудад байршил тогтоогч болон хурд хэмжигч төхөөрөмжийг суурилуулсан. Ингэснээр хот хооронд зорчихдоо хурд хэтрүүлэх, замаас гарах, жолоодлогыг өөр хүнд шилжүүлэх болон тухайн автобус замдаа олон цагаар саатах зэрэг мэдээллийг бүгдийг нь авдаг болсон. Цаашлаад хурд хэтрүүлсний улмаас гардаг зам тээврийн осол гарахаа больсон байгаа. Үүнээс гадна зорчигч тээврийн автобуснууд техникийн хяналтад бүрэн хамрагддаг болсон.
Найман жилийн өмнө би төвийн мэргэжилтэн байхдаа Улаанбаатараас Баян-Өлгий аймаг руу явсан автобусаа олдоггүй байсан шүү дээ. Утасны сүлжээ байдаггүй байсан. Тэгвэл өнөөдөр байршил тогтоогчоор автобусуудыг таван минут тутам хаана явааг нь хянаж байгаа. Энэ бол яах аргагүй дэвшилтэд ажил.
-Бас зорчих тасалбарыг урьдчилан бичүүлдэг болсон?
-Тийм. 30 хоногийн өмнө аль ч салбараас билетээ бичүүлэх боломжтой болсон. Харин бид одоо интернэтээр урьдчилан билет захиалгын үйлчилгээг явуулдаг болох гэж байна. Өөрөөр хэлбэл хүн билет бичүүлэхийн тулд заавал Драгоныг зорих шаардлагагүй гэрээсээ гар утсаараа интернэтэд орж тасалбар захиалж болох юм.
-Энэ үйлчилгээг нэвтрүүлсэн юм уу. Интернэтээр тасалбар захиалахад ямар нэгэн хураамж авах уу?
-Зургадугаар сарын 10-ны өдөр гэхэд нэвтрүүлэх зорилго тавьж байгаа. Туршилт амжилттай болсон. Харин банк хороондын гүйлгээг долоо хоног турших л үлдсэн. Хэрэв энэ туршилт амжилттай болвол үйлчилгээг шууд нэвтрүүлэх юм. Интернэт банкаар билет захиаллаа гээд ямар нэгэн хураамж авахгүй.
-Зорчигч тээврийн үйлчилгээ явуулж байгаа тээврийн хэрэгслийн хүртээмж хэр сайжирсан талаар сонирхуулаач?
-Хот хоорондын нийтийн тээврийн автобусны хүрэлцээ муу байна гэсэн ташаа мэдээлэл их гардаг. Өнөөдрийн байдлаар 1056 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна. Нэг автобус сард хоёр удаа л тээвэрт явж байгаа. Тэгэхгүй бол автобусууд нь олон болчихоод байгаа. Гэхдээ бид баяр ёслол, амралтын үеэр нэмэлт автобусуудыг үйлчилгээнд гаргадаг. Оюутан, сурагчдын амралттай холбогдуулан удахгүй нэмэлт автобусуудыг үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн байгаа. Урьдчилсан байдлаар 350 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулна гэж тооцоолсон. Тэгэхээр хот хоорондын зорчигч тээврийн хүрэлцээ муу байна гэсэн ойлголт байхгүй. Автобус хангалттай бий. Түүнчлэн нэмэлт автобус гаргахдаа тасалбарын үнийг нэмдэггүй. Сүүлийн зургаан жил тасалбарын үнэ нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Харин ч эсэргээрээ үнийг буулгаж байгаа. Саяхан Зүүнхараа, Говьсүмбэр рүү зорчих үнийг буулгасан. Удахгүй Завхан аймгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хоёр компани үнээ 5-10 мянган төгрөгөөр хямдруулъя гэж байгаа.
-Яагаад?
-Би өчигдөр /уржигдар/ Драгон дээр очсон. Гэтэл Өвөрхангай аймаг руу зорчигч тээвэрт явдаг автобусны дэргэд хувийн машинтай жолооч очоод “Наад автобус чинь мэлхий шиг удаан явна. Миний машинд суучих. Би гурван цаг л явна” гэж байх жишээтэй. Гэтэл хүмүүс үүнд нь болоод илүү үнэтэй, хувийн машинд сууж байгаа юм. Харин бид илүү хямд үнэ, эрсдэлгүй үйлчилгээг үзүүлж байгаа. Ер нь бол зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг зөрчилтэй хувийн тээврийн хэрэгслийг замд нь саатуулж байгаа. Зөрчилтэй тээврийн хэрэгслийг 21 аймагт мэдээлж эхэлсэн.
-Замд нь зогсоож байгаа гэсэн үг үү?
-Тийм. Улаанбаатар хотыг тойрсон хяналтын цэгүүд 24 цагаар ажиллаж байгаа. Тухайлбал, Төв аймгийн Лүн, Баянчандмань, Эрдэнэ сумын цагдаагийн пост, мөн аймгийн Хоолтын даваа болон бусад цэгүүдэд 24 цагийн хяналтыг явуулж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотоос мэдээлсэн зөрчилтэй тээврийн хэрэгслийг хяналтын постууд дээр зогсоож байгаа юм. Гэтэл хяналтын үйл ажиллагаа явуулахаар иргэд бухимдаж, хүндрэл учруулж байна гэж ойлгодог. Харин бид орон нутгийн замд осол аваар гарахаас урьдчилан сэргийлж байгаа юм. Уг хяналтын үйлчилгээг явуулж эхлээд 20 хоноход 7977 тээврийн хэрэгслийг шалгасан. Үүнээс 1416 тээврийн хэрэгслийн зөрчлийг газар дээр нь илрүүлсэн байгаа.
-Ямар зөрчил их байдаг юм бол?
-Техникийн хяналтын үзлэгт ороогүй зөрчил хамгийн эхэнд бичигдэж байгаа. Дараагаар нь орон нутгийн замд тохирохгүй гэрлийг тавьж замын хөдөлгөөнд орж байгаа зөрчил бий. Цаашлаад хүн ачаа хольж тээвэрлэсэн зэрэг зөрчлүүд зонхилж байгаа. Тодруулбал, микро автобусанд 20 хүн тээвэрлэн ирсэн байх жишээтэй. Бидний бүртгэлээр 370 орчим тээврийн хэрэгсэл хувиараа хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа. Тээврийн хэрэгслийн насжилтаар хасагдчихсан тээврийн хэрэгсэл шүү дээ. Тэгэхээр энэ төрлийн тээврийн хэрэгслийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйлчилгээнд явуулахгүй.
-Ирэх сард шинэ чиглэлд зорчигч тээврийн хэрэгслийн шинэ маршрутыг нэвтрүүлнэ гэсэн. Ямар чиглэлийг нэмж байгаа вэ?
-Зургадугаар сараас Дорноговь аймгийн Сайншанд-Замын-Үүд-Эрээн хотын чиглэл рүү Улаанбаатар хотоос шууд зорчигч тээврийн автобус явж эхлэх юм. Энэ бол 90 жилийн ойн хүрээнд хийж байгаа шинэ ажил. Өнөөдөр хүмүүс вагоноор Эрээн хот руу явахад замдаа 2-3 хоногийг зарцуулдаг. Харин автобусаар явбал цаг хугацаа алдахгүйгээр, ая тухтай, найдвартай үйлчилгээгээр зорчих боломжтой болж байгаа юм.
-Хэдэн автобус явуулах талаар тодруулаач?
-Гурван компанийн 30 автобус тус үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар уг асуудал гэрээ хийх түвшинд явж байна. Үүнээс гадна Зам-Үүдээс Бээжин, Хөх хот чиглэлд автобусуудыг өдөр тутам явуулж байгаа. Үүний үр дүнд иргэд вагоноор хонож очихгүй 10 цаг яваад Бээжин, 11 цаг яваад Хөх хот очих боломжтой болсон. Улмаар худалдаа эрхэлдэг хүмүүсийн цаг хугацаа хэмнэгдэж байгаа юм. Мөн эдийн засагт ч хэмнэлттэй. Вагон автобуснаас илүү үнэтэй. Харин бид иргэдэд боломжийн үнээр, хурдан хугацаанд явах боломжийг олгож байгаа гэж ойлгож болно.
-Эдийн засаг хямарсантай холбогдуулан ачаа эргэлт зогсч байна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Өмнөх оны мэдээтэйгээ үүнийг харьцуулж үзсэн. 2014 онд 22 сая тонн ачаа тээрлэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оноосоо 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн тус онд экспортын голлох бүтээгдэхүүн буюу нүүрсний тээвэрлэлт есөн хувиар, газрын тос тээвэрлэлт 28.9 хувиар, зэсийн баяжмал 90 хувиар тус тус өссөн бол төмрийн хүдрийн тээвэрлэлт 11.6 хувиар өссөн байгаа юм. Энэ нь аж ахуйн нэгж байгууллагаад хил дээр хонож дугаарладаг хүндрэлүүд арилсантай холбоотой.
Ярилцсан Г.БАЯРЦЭЦЭГ