Тусгай замын автобусны шугамын зургийг энэ онд багтаан гаргана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/ - ийн цаашид хийгдэх техникийн асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр “Азийн хөгжлийн банкны хамт олны өмнөөс танай баг хамт олонд талархснаа илэрхийлье. Бид төслийн хүрээнд цаашид хийгдэх техникийн асуудал, үндсэн бодлогын асуудлаар чиглэл авах гэж байгаадаа таатай байна. Бид төслийг гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт гэх мэт бусад ажлуудтай уялдуулан хийнэ гээд дараагийн шатны нарийвчилсан зураг төслийн ажлаа танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаад баярлалаа. Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжилд чухал ач холбогдол авчрах юм. Тусгай шугамын автобусны замд Азийн хөгжлийн банкны шугаманд тэнцэхүйц тролейбус явуулах саналтай байна. Ашиглалтын үйл явцыг нь бид бүрэн хариуцаж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Энэ төслийн хүчирхэг гайхалтай чанар нь түгжирлийн асуудлыг шийдэх, мөн үндэсний үйлвэрлэл хөгжихөд тустай. Мөн тролейбусыг явуулснаар гарч болзошгүй эрсдэл болон шатахууны хэрэглээг багасгана гэж үзэж байна” гэлээ.
Төслийн хүрээнд энэ жил Чингисийн өргөн чөлөө болон хойд их тойруу дагуух тролейбус болон агаарын шугамын дэд станцуудын асуудлыг нарийвчлан зураглал хийж, эдийн засгийн тооцоогоо гаргах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.