Өрхийн эмч нарын зөвлөгөөнд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг илтгэл тавилаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгий байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөгөөн өнөөдөр МҮЭСТО-д зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнөөр Эрүүл мэнд, спортын яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газар 2015 оныг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх өрхийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэн багш судлаачдын дунд нээлттэй хэлэлцүүлж, зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
Энэхүү зөвлөгөөнд салбарын эрдэмтэн судлаачдаас гадна дүүргүүдийн удирдлагууд, эрүүл мэндийн нэгдлүүдийн удирдлага ажилчид бүгд идэвхтэй оролцож, энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар чөлөөтэй хэлэлцүүлэг явуулж байлаа.
Өнөөдрийн үдээс хойш хуралдаанаар ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тэрээр хэлэхдээ “Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй олон асуудлууд бий. Гэхдээ үүнд манай дүүргийн хувьд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа. Мөн эрүүл мэндийн төвүүд сайн ажиллах бол урамшуулал олгох зэрэг ажлуудыг санаачлан хийж байгаа” гэлээ.
Нийслэл хотод 129 өрхийн эрүүл мэндийн төв, 13 салбартайгаар 145 цэгт ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн эрүүл мэндийн салбарт нийт 6120 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагийн 1626 буюу 26.5% нь Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна.
Өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжин орсон 16 жилийн хугацаанд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх бодлогын олон шийдвэрүүд гарч байгаа ч хэрэгжилт төдийлөн хангалттай бус байна.
Тухайлбал өнөөдрийг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн статус, хууль эрх зүйн орчин тодорхой бус, санхүүжилт нь хүрэлцдэггүй, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар сул зэрэг олон зүйлээс шалтгаалан иргэдийн дунд өрхийн эрүүл мэндийн төв, өрхийн эмч нарын талаархи сэтгэл ханамж доогуур байж иргэд ихэвчлэн 2 дахь болон 3 дахь шатлалын эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг рүү хандах нь элбэг байна.
Иймд НЭМГ-аас өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагын болон санхүүгийн менежментийг дэмжих, үүрэг хариуцлагын тогтолцоог сайжруулах, эмч ажиллагсад өөрсдийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд анхаарч, нөөц бололцоогоо бүрэн дайчлан, идэвх санаачилгатай ажилладаг байх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөхүйц хөрвөх чадвартай болох, эмч мэргэжилтнүүдийн ёсзүй харьцаа хандлагыг сайжруулж иргэдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээний шинэ түвшинд хүрч ажиллах зорилтуудын хүрээнд энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа онцлогтой аж.