Ж.Ганхуяг: Би дүүргийнхээ хөгжлийг хэдэн жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын төв байхаар төсөөлж хардаг

2015 оны 5 сарын 19

“Онцлох ярилцлага”-ын зочин дүүргийн Засаг дарга байдаг. Энэ удаад бид Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай уулзаж, дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалт болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хан-Уул дүүрэг байгуулагдсаны түүхэн ой энэ жил тохиож байгаа. Ойг угтсан олон ажил бүтээлч хийхээр төлөвлөсөн байх. Ер нь дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлаас яриагаа эхэлье?

-Энэ жил тохиож байгаа дүүргийн 50 жилийн ойтой холбогдуулаад өнгөрсөн жилээс эхлэн бэлтгэл ажлаа хангасан. Үүний эхлэл нь болгож гэр хорооллоо бүрэн гэрэлтүүлэгтэй болгоё гэдэг зорилгыг тавьж, өнгөрсөн жил Яармагийн тав, Нисэхийн нэг хороог бүтэн гэрэлтүүлэгтэй болголоо. Энэ жил Нисэхийн үлдсэн хоёр хороо буюу IX, X хороог гэрэлтүүлэгтэй болгоно. Ингээд Нисэх, Яармагийн хороонууд бүгд гэрэлтүүлэгтэй болно гэсэн үг. Одоо Өлзийт, Био, Шувуу гэсэн гурван хороо мөн төвийн таван хорооны гэрэлтүүлгийн ажил үлдэж байгаа. Эдгээр хороодоо гэрэлтүүлэгтэй болгох ажлыг 2016 ондоо багтааж хийнэ. Нисэхийн 7-р сургууль дээр хөлбөмбөг спортын томоохон талбай, 8-р хороонд цэцэрлэг хүрээлэнгийн ажил энэ онд дуусч ашиглалтад орно.  Мөн бид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байна. Тухайлбал, энэ онд бага сургууль цэцэрлэгийн гурван цогцолбор X, XIV, XV хороонд ашиглалтад орно. Мөн хоёр цэцэрлэг шинээр баригдаж эхэлнэ. Энэ нь Зайсангийн 35 дугаар цэцэрлэг, мөн манай цэцэрлэггүй байсан хорооны нэг XVI хороонд 240 хүүхдийн шинэ цэцэрлэг баригдах юм. Түүнчлэн II хорооны 27 дугаар цэцэрлэг одоогоор актлагдсан байгаа. Түүнийг буулгаад дахин шинэ цэцэрлэг барина. X хороон дээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байгаа. Энэ жил ашиглалтанд орно. Харин XVI хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль концессоор баригдаж эхэлнэ. Хэл амьтай ч гэсэн 32 дугаар сургуулийн асуудал ямар ч байсан шийдэгдлээ. Сая Засгийн газрын хуралдаанаар концессын гэрээгээр барих шийдвэр нь гарсан. Ингэж Зайсангийн 32 дугаар сургууль баригдахаар боллоо. Хуучин энэ сургуулийг барих төсвийг нийслэл даахаар байсныг нь болиулаад улсын төсвөөс гаргахаар болсон. Ийм учраас энэ жил сургуулийн барилгын ажил эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн манай дүүрэгт 100 ортой Хүүхдийн эмнэлгийн ажил V хороо буюу Яармагт эхэлнэ. Энэ жил ажил нь эхлээд 2016 ондоо дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Замын хувьд Хан-уул дүүрэг өнгөрсөн жилүүдэд томоохон ажлуудыг хийсэн. Өөрөөр хэлбэл, гол төв магистраль замуудыг үндсэндээ өргөтгөж, шинэчлэгдээд дууссан гэж болно. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Яармаг, Нисэх, Био, Шувуун фабрикийн зам гэх мэтчилэн. Мөн Дунд гол, ажилчдын гудамж, Богд уулын арын зам гээд гол гол томооохон замууд бүрэн шинэчлэгдсэн байгаа. Одоо дүүргийн хороолол доторх зам болон Зайсангийн зам үлдсэн. Энэ жил шинээр Нисэхийн эцсийг үргэлжлүүлээд Яармагийн араар Сонсголонгийн гүүртэй огтолцуулаад нэг ийм цикль болгох зорилготой байна. Зураг төслөө хийсэн. Тэнд нийтдээ зургаан хэсэг замаас бүрдэх юм. Түүний хоёр хэсэг нь буюу Нисэхийн эцсийг үргэлжүүлээд Сонсголонгийн гүүртэй холбох, тэндээс наашаа IV хороогоор орж ирж байгаа хэсгийн ажил нь эхэлнэ. Ингээд 2016 онд үлдсэн хэсгүүд нь хийгдэхээр төлөвлөсөн. Ингэхээр ерөнхийдөө Яармаг бол үндсэндээ гэрэлтүүлэг, замтай ийм сайхан бүс болж байгаа. Энэ бол тэнд амьдарч байгаа иргэдийн орчин сайжирч, хөрөнгөнийх нь үнэ цэнэ өснө гэсэн үг.

Шинэ яармаг хорооллын хүрээнд инженерийн дэд бүтцийг оруулах том ажил үлдэж байгаа.

-Танай дүүрэг нийслэлд хөрөнгө төвлөрүүлдэг гэдгээрээ бусад дүүргээс онцлогтой. Энэ жил хэдий хэмжээний мөнгө нийслэлийн төсөвт төлөрүүлэх вэ?

-Хан-Уул дүүргийн төсвийн орлого нь ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөг байдаг. Үүнээс өнгөрсөн жил нийслэлд 5.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ жил найман тэрбум төгрөг төвлөрүүлэх төсөв баталж өгсөн. Одоо бид энэ төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна. Эдгээрээс үлдсэн ес орчим тэрбум төгрөг нь дүүргийн урсгал зардлууд байдаг. Үлдсэн гурав орчим тэрбум төгрөг нь дүүргийн төсвөөс хийдэг хөрөнгө оруулалт. Тэгэхээр бид дүүрэгт үлдэж байгаа энэ мөнгөө сургууль, цэцэрлэг барих, гэрэлтүүлэг, камер тавих, зам сайжруулах, тохижилт хийх зэрэг ажилд зарцуулдаг гэсэн үг.

-Сүүлийн үед төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх талаар нэлээд анхаарч байна. Саяхан танай дүүрэг АПУ ХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Яг ямар чиглэлд хамтран ажиллах юм бэ?

-Манай дүүрэгт томоохон үйлдвэрлэл эрхлэгчид олон байдаг. Мөн сүүлийн үед том компаниудын төв оффис Хан-Уул дүүрэгт нүүж ирж байна. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засгийн талаасаа ихээхэн чухал юм. Энэ бол цаанаа хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, дүүрэгт хөрөнгө оруулалт хийх, олон хүн ажлын байртай болно. Тэр хэмжээгээр дүүрэгт ордог татварын хэмжээ нэмэгдэнэ, илүү олон бүтээн байгуулалт хийгдэнэ. Нөгөө талдаа Хан-Уул дүүрэг хувийн хэвшлийг дэмжиж байгаагийн нэг хэлбэр. Засаг дарга дэргэдэх хэлтэсүүдтэйгээ жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Ингэхдээ миний хэлдэг нэг л зарчим бий. Тэр нь бид хувийн хэвшлийг дарамтлахгүй, тээг саад болохгүй аль болох уян хатан тэднийг дэмжсэн, нээлттэй, ил тод ажиллана гэж. Үүнийг манай газар, хэлтсүүд мөрдөж ажиллах ёстой. Хэрэв хувийн хэвшилтэй янз бүр болоод ажил хийхэд нь саад болоод байх юм бол би тийм дарга нартай хатуухан ажиллана гэдэг. Саяхан манай дүүргийн хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөл над дээр орж ирж нэг асуудал тавьсан. Тэр нь манай нэг албан хаагчтай холбоотой, хүнд суртал гаргасан асуудал байсан төдийгүй түүнийг судалж үзээд тэр хүнд нь хариуцлага тооцсон байгаа. Тэгэхээр зөвхөн дүүрэг гэлтгүй Монгол улс ийм болох ёстой. Төрийн алба гэдэг бол хувийн хэвшилд үйлчилдэг, дэмждэг байж энэ улс хөгжинө. Энэ чиглэл рүү бид хана хаанаа хандлагаа өөрчилж явах ёстой гэж боддог. Ер нь цаашдаа олон компанитай энэ хүрээнд ажиллана гэж харж байгаа. Өнөөдөр хувийн хэвшлийн хүний нөөцийн бодлого, шийдвэр гаргах түвшинд компаний засаглал, ил тод байдал зэрэг бол төрөөс хол тасархай түрүүлсэн. Ингэж байж энэ компаниуд чинь хөгжиж, бизнестээ амжилттай ажиллаж байна. Тэгэхээр хувийн хэвшлээс энэ зүйлийг нь төрийн алба суралцах ёстой. Энэ ажлын хүрээнд сая АПУ компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд хүний хөгжил, байгаль орчин хамгаалах, өв соёлыг хадгалж хамагаалах гэсэн гурван чиглэлд бие биенээ дэмжиж хамтран ажиллах юм.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд танай дүүрэг ямар ажлууд хийгдэж байна. Ялангуяа хуучин байрнуудыг дахин төлөвлөх ажил чухал байгаа?

-Энэ бүтээн байгуулалтын тухайд манай дүүргийн Яармагийн IV хороон дээр Төрийн орон сууц санхүүжилтын корпораци төсөл хэрэгжүүлж байна. Мөн VIII хорооны 26.5 га газрын А хэсэгт “Ажнай цэгц” ХХК, Б хэсэгт “Баярс констракшн” ХХК шалгараад ажил эхэлчихсэн явж байгаа. Дахин төлөвлөлтийн ажил бол иргэдээс маш их хамаардаг. Нэгэнт газар өмчилсөн газар байгаа учраас иргэд болон төсөл хэрэгжүүлэгч компани хамтарч байж ажил явдаг учраас тэд бүлэг болох ёстой. Манай дээр өнөөдөр 31 бүлэг байгуулагдчихсан байгаа. Уг нь энэ ажлыг иргэд маань их хүсээд байгаа. Гэхдээ ихэвхчлэн инженерийн дэд бүтцийг л оруулж өгөөч гэсэн саналыг тавьж байна. Ялангуяа Яармаг, Нисэхийн иргэд маань өөрсдөө нэгдээд төлөвлөлтөө хийчихье тэгээд хаус болон орон сууцны хороолол барихаа шийдье гэдэг. Нөгөө талаас инженерийн дэд бүтэц гэдэг маань өндөр зардалтай учраас төрөөс энэ асуудал дээр дэмжлэг хүсээд байгаа хэрэг. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа нэг том ажил бол ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг буулгаж дахин барилгажуулах ажил. Манай дүүрэгт Мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад ашиглалтаас хасах акт гарсан нийтдээ 26 ийм барилга байдаг. 2014 онд хуучнаар Нэхмэлийн шарууд гэж нэрлэгддэг 20 барилгыг эхний ээлжинд багагүй хэл аманд өртсөн ч гэсэн ажлыг нь явуулсан. Таван багц тендер зарлаад төсөл хэрэгжүүлэгч нар нь шалгарсан. Энэ бол урьдчилсан шалгаруулалт гэсэн үг. Одоо эцсийн сонголтыг иргэд хийнэ. Өөрөөр хэлбэл, урьдчилсан шалгаруултад тэнцсэн компаниуд иргэд дээр очоод өөрсдийнхөө танилцуулгыг хийгээд гэрээгээ байгуулна. Хэрэв иргэд зөвшөөрч байвал тэр компанийн ажил цаашаа үргэлжилнэ гэсэн үг. Энэ бол ерөөсөө Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарчим шүү дээ. Одоо БҮК-ийн хоёр, Нисэхийн хоёр, Био комбинатын нэг барилга байгаа. Ер нь манай II, III хорооны энэ хэсэг бол ирээдүйд их сайхан төлөвлөлттэй, хүн амьдрахад таатай орчин бүрдэнэ гэж харж байна. Мэдээж ажил л юм чинь дахин төлөвлөлт дээр бэрхшээл бол байгаа. Иргэд компаниудтай ойлголцохгүй эсвэл компаниуд өөрсдийн эрх ашгийг хэтэрхий эхэнд тавьсан гэх мэтчилэн асуудал бий.

-Зайсангийн асуудлыг асуухгүй байж болохгүй байх. Тусгай хамгаалалттай газарт орон сууцнууд барилаа гээд багагүй хэл ам гарах юм?

-Манай дүүргийн хувьд зөвхөн Зайсангийн тухай асуудал бас биш. Мөн Арцатын ам гэж бий. Энд хамгийн том асуудал бол одоо хүртэл газар дээрээ амьдарч байгаа айлууд. Тусгай хамгаалалттай газар нутаг учраас БОНХАЖ-ын сайд шийдвэр гаргаж, газар өмчлөх, эзэмшүүлэх бус зөвхөн ашиглуулдаг. Ингэхдээ зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар. Гэтэл өнгөрсөн хугацаанд гарсан шийдвэрүүд нь аялал жуулчлалын зориулалтаар гэх боловч өнөөдөр барилга, байшин бариад явчихсан. Гэтэл тэнд олон жил амьдарсан иргэдийн асуудал хөндөгддөг. Тухайлбал, нэг өдөр хэн нэгэн компани ирээд энэ миний газар болсон гэдэг. Тэгээд иргэд эсэргүүцээд асуудал үүсэхээр дүүргийн ИТХ руу ханддаг. Нэгэнт бид тэдний өмнөөс төрд төлөөлж ажиллаж байгаа учраас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь зүйн хэрэг. Гэвч нэг талдаа компани холбогдох хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авдаг нөгөө талд нь иргэд байдаг. Үүний зохицуулж ажиллана гэдэг бол бас амаргүй. Дүүргийн зүгээс бол олон жил амьдарч ирсэн иргэддээ газрыг нь өгөөч гэсэн бодлоготой явж байгаа. Үүнийгээ ч холбогдох газруудад нь уламжилдаг. Цаашдаа ч энэ байр суурин дээрээ байна гэж бодож байна. Манай дүүргээс сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн Зайсанд газар дээрээ амьдарч байгаа иргэдэд одоо байгаа хуулийн хүрээнд ядаж ашиглуулах шийдвэрийг нь гаргаж өгье гэдэг дээр сайн ажилладаг. Гэхдээ одоо бол нэг тийш гарсан шийд алга л байна.

-Иргэд төрийн үйлчилгээг хорооноосоо авдаг болъё гээд байгаа. Энэ талаар хийж байгаа ажлаасаа дурьдаач?

-Бидний хийж байгаа нэг том ажил бол энэ. Ер нь төрийн үйлчилгээг гэдэг бол иргэддээ чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй байх шүү дээ. Одоо манайх иргэний бүртгэлтэй холбоотой 10 үйлчилгээг иргэн хорооноосоо авч байгаа. Цаашдаа дүүргээс үзүүлж байгаа төрийн зарим үйлчилгээг иргэн хороон дээрээс авчихдаг болох тэр чиглэл рүү явах ёстой. Тухайлбал, гэрэлтүүлэг, хогны асуудлыг хорооны дарга шийддэг байя гэж байгаа. Хогтой, гэрэлгүй байгаад байхад би эндээс мөнгийг нь өгөөд байж болохгүй гэсэн санаа юм. Энэ бол төвлөрлийг сааруулахад нэг алхам болно.

-Хүүхдэд Ээлтэй Хан-Уул хөтөлбөр өнгөрсөн жил батлагдсан энэхүү хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Өнгөрсөн жил Хан-Уул дүүрэг “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг боловсруулж үндсэн хоёр чиглэлээр томоохон ажлууд хийж байна. Нэг нь хүүхэд хөгжлийн чиглэлээр хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, сурлагыг нь сайжруулах чиглэлээр, нөгөөх нь хүүхэд хамгаалал буюу хүүхдийн эрх зөрчигдөхгүй, аюулгүй амар тайван орчинд амьдрах чиглэлээр үндсэн хоёр хэсэг болгосон байгаа. Энэ хүрээнд дараах ажлууд хийгдэж байна. Хүүхдүүдийг эхлээд хөгжүүлэхийн тул багш нараа чадавхижуулах, сургалт зохион байгуулах, хандлагыг нь өөрчлөх, өөрсдийг нь хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний хажуугаар хүүхдийн сурах орчныг сайжруулах зорилгоор хими, физик, технологийн кабинетийг байгуулж хичээлийг илүү сонирхолтой орчинд явуулж, практик ажил, туршилт хийх боломжтой болгосноор хүүхдүүд илүү сурах чармайлттай, үр дүнтэй болж байгаа. Дээрээс нь удахгүй дүүргийн төрийн өмчийн бүх сургуулиудад “Роботын клуб” байгуулах бөгөөд хүүхдүүд робот угсарч, задалж техник сэтгэлгээгээ илүү хөгжүүлэх боломжтой болж байгаа. Аюулгүй байдал, эцэг эхийн хараа хяналтын сайжруулах зорилгоор төрийн өмчийн бүх цэцэрлэгүүдийг камержуулах ажил эхэлсэн явж байна, мөн бүх цэцэрлэгүүдийг хүчилтөрөгч өтгөрүүлэгч коктейлийн аппаратаар хангасан бөгөөд эрүүл мэндийн хувьд энэ нь хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлж байна. Түүнчлэл хамгаалал чиглэлээр хүүхдийн шүдний кабинетийг Эрүүл мэндийн төв дээрээ шинээр нээсэн гэх мэт нэг бүрчлэн тоочвол маш олон ажил хийгдэж байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

- 2015 оны 1-р сард дүүргийнхээ цагдаагийн 1,2-р хэлтэстэй хурал хийж гэмт хэрэг гарсны дараа биш урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах нь зүйтэй үүний тулд юу хийх ёстой вэ гэдэг талаар ярилцаж багаар хэрхэн яаж ажиллах вэ, чиглэлийн эргүүлийг хороон дээрээ хэрхэн яаж ажлуулах вэ, ухуулах сурталчилгааг хэрхэн яаж зохион байгуулах вэ зэрэг хэд хэдэн чиглэлээр дүүрэг, хороо, цагдаагийн байгууллага  хамтран ажиллах болсон. Үүний үр дүн мөн гэрэлтүүлгийн үр нөлөөгөөр 2015 нэгдүгээр улирлын гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь маш чухал бөгөөд том амжилт гэж бид харж байгаа.

-Эдийн засгийн хүнд байдалтай холбоотойгоор Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг энэ жил олгохгүй байж магадгүй гэсэн яриа байгаа энэ талаар?

-Манай дүүргийн хувьд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар ажил хийх вэ гэдгээ  хороо бүрээс, иргэдээсээ саналаа аваад ажлаа төлөвлөөд явдаг. 2014 онд ОНХС-аар хийгдсэн ажлуудын мөнгөө өгч чадахгүй байна. Энэ нь улсаас ирдэг мөнгө Хан-Уул дүүрэгт 2 орчим тэрбум төгрөг ирдэг байгаа түүнийгээ хороо хороондоо хүн амын тоонд хувиарлаж хийгдэх ажлуудаа батлаад явдаг байгаа. Өнгөрсөн 2014 онд хийгдсэн ажлынхаа 448 сая төгрөгийг одоо болтол өгч чадаагүй явж байна учир нь улс мөнгөгүй болсонтой холбоотой. 2015 оны ОНХС-ын эхний ажлууд эхэлчихсэн явж байна бас мөнгөө өгч чадаагүй л явж байна. Энэ асуудал гол хүндрэлтэй зүйл болчихоод байна. Нэг талаасаа иргэдээсээ саналаа авчихсан нөгөө талд нь улс мөнгөгүй болсон байдаг. Энэ талаар бид шат шатны байгууллагад нь удаа дараа уламжилж байгаа бөгөөд ажлууд маань хийгдэх байх гэж л найдаж байна даа.

-Дүүргийн гадаад харилцааг сонирхмоор байна?

-Манай дүүрэг гадаад хамтын ажиллагаан дээрээ илүү ач хоблогдол өгч ажилладаг. Ингэхдээ аль нэг хоттой очоод хамтран ажиллах гэрээ байгуулахдаа гол нь биш гадаад харилцааг эдийн засагжуулах талаас өндөр ач холбогдол өгдөг. Үүний хүрээнд тухайн улс, хот, дүүргийн бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож өгөх, хөрөнгө оруулалт хийх бололцоог хангах талаар ажилладаг. Мөн дүүргийн ААН-үүдээс хамтын ажиллагаатай хот, дүүргийн судалгаа шинжилгээний байгууллага дээр нь очиж туршлага судлуулж байна. Манай дүүрэгт ногоо тариалдаг хүмүүс их байдаг. Тэр хүмүүсийг хамтын ажиллагаатай гадаад түншүүдийн тусламжтайгаар нэг сарын хугацаатай сургалтанд хамруулах ажлыг хийж байна. ААН-үүд газар дээр нь онол, практик сураад ирээд өөрсдийнхөө үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ. Мөн төрийн байгууллагуудын ил тод, шуурхай ажилладаг сайн туршлагуудыг нь нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг даа.

-Таны ярианаас дүүргийнхээ хөгжлийг их өөдрөгөөр харж байгаа нь ажиглагдлаа. 10-20 жилийн дараа Хан-Уул дүүрэг ямар байх бол....?

Би дүүргийнхээ хөгжлийг хэдэн жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын төв байхаар төсөөлж хардаг.

Тухайлбал, төлөвлөлтөөр Өлзийт, Био комбинат, Шувууны хэсэг 60 орчим мянган хүн амтай, эрчимжсэн газар тариалан болон мал аж ахуй бүхий бүс бий болно. Нэг ёсондоо Улаанбаатар хотын хүн амыг хүнсээр хангана гэсэн том амбицтай байх юм. Нисэхийн орчим болохоороо орон сууцны томоохон хороолол бүхий нийгэм, эдийн засгийн хувьд биеэ даасан хэсэг болох байх. Яармагийн урд талын хэсэг бол тусгай хамгаалалттай газар нутаг. Шинэ Яармаг хороолол гэхэд ерөнхий төлөвлөлт нь хийгдчихсэн байгаа. Тэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд хүн амьдрахад тоотой орчин бүхий нийгмийн дэд бүтцүүдтэй ийм бүс байна. Харин бид энэ ерөнхий төлөвлөгөөгөө барьж, хэрэгжүүлэх тухай ажиллах ёстой. Энэ бол л үе үеийн Засаг дарга нарын үүрэг.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21989
0 эможи
keyboard_arrow_up