“Та шалга-Бид зөвлөе” өдөрлөг “Хүннү молл”-д амжилттай зохион байгуулагдлаа

2015 оны 5 сарын 15

ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн  Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран дүүргийн 50 жилийн ойг угтан “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд “Та шалга-Бид зөвлөе” өдөрлөгийг өнөөдөр   “Хүннү молл”-д зохион байгууллаа.

 

Өдөрлөгийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга н.Даваасүрэн болон бусад холбогдох албаны удирдлагууд оролцлоо. Мөн арга хэмжээг нээж ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлэхдээ “Манай дүүргээс санаачлан зохион байгуулж буй арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэхүү арга хэмжээний ололт нь Мэргэжлийн хяналтын байгууллага нь нийгмийн хандлагаа дагаад шинэлэг иргэдэд хандсан үйлчилгээг би болгож байгаагаараа онцлогтой. Үүнээс гадна  одоо үйлдвэрлэгч, хэрэглэгч, хяналтын байгууллагын байцаагч аль аль нь өмнөх сэтгэлгээгээ өөрчлөн, ажил болгож байгаад бидний зүгээс дэмжин ажиллахад таатай байна”  гэж онцоллоо.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь  дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг сурталчилах, бизнесийг дэмжихээс гадна ард иргэдэд эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг олгох, иргэдийг хүнсний хэрэглээний соёлд сургах түүнчлэн дүүргийн түүхэн замналын талаар танилцуулахад оршиж байлаа.

Түүнчлэн хяналтын байгууллага нь үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нэг зорилго тавьснаар хүрэх түвшин, гарах амжилтаа ахиулах, эрүүл аюулгүй хүнсийг ард түмэндээ нийлүүлэх нэг боломж нээж байна.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд “Хүннү Молл”-ын стандарт, үйлчилгээний талаарх танилцуулга хийгдэж, худалдаа үйлчилгээний соёлын талаар  туршлага судалж, харилцан суралцсан  юм.

Хүнсний аюулгүй байдал сэдвээр хүрэлцэн ирсэн иргэдийн дунд богино хэмжээний “АХА” тэмцээн зохион байгуулсан нь танин мэдэхүйн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэдгийг тус өдөрлөгт оролцсон иргэд олон нийт хэлж байлаа.

“Та шалга-Бид зөвлөе” өдөрлөгт идэхтэй оролцсон аж ахуйн нэгжүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын “Талархлын бичиг” гардуулснаар өнөөдрийн арга хэмжээ энэхүү өндөрлөлөө.

 

Уг өдөрлөгийг зохион байгуулж байгаа албаны хүмүүсээс дараах нэмэлт тодруулагыг аавлаа.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг:

Энэ ажлын онцлог  нь бид өмнө  хэрэглэгчийг шалгадаг байсан бол харин энэ удаа хамтран зохион байгуулснаараа давуу талтай болж байна.  Хүнүү молл нь  нийслэлийн хэмжээнд үзвэр үйлчилгээний  хамгийн томоохон төвүүдийн нэг учраас сонгосон юм.  Иргэд өнөөдөр өдөрлөгт оролцохоос гадна  үзвэр, үйлчилгээг бүрэн цогцоор нь авч чадаж байгаад баяртай байна. Энэ арга хэмжээ нь Хан- Уул дүүргийн 50 жилийн ойг угтсан анхны том үйл ажиллагаа боллоо.

ХУД-ийн ЗДТГ-ын дарга Б.Бат-Очир:

Энэхүү арга хэмжээнд манай хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Энэхүү өдөрлөг нь “Та шалга-Бид зөвлөе” гэсэн уриан дор явагдаж байна. Үүний дагуу иргэд болон хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүнийг шинэ эсэхийг яаж амтлах ёстой, чанар нь муудсан бүтээгдэхүүнийг хэрхэн таних талаар зааж өгч байгаа юм.

Өнөөдрийн арга хэмжээнд  дүүрэг бүрийн Мэргэжлийн хяналтын хэлтэс оролцохоос гадна  цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ болж байгаа нь  бусад дүүргүүдэд үлгэр дуурайлал болохуйц ажил гэж дүгнэж байна.

Нөгөө талаас “Эрүүл хүнс-эрүүл хөрс” аяны хүрээнд  эрүүл хөрсөн дээр ургасан эрүүл хүнсийг сонгох, монголын эрүүл  хөрсийг сурталчилах давхар зорилго агуулж байна.

ХУД-ийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз:

 Хан-Уул дүүргийн 50 жилийн ойд зориулан ХУД-ийн ЗДТГ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг сурталчилах, аюулгүй эрүүл бүтээгдэхүүнийг иргэдэд сонгож хэрэглэх боломжийг олгох зорилгоор мэдээлэл өгч байна.

ХУД-т чанарлаг, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маш олон ААН, байгууллагууд байдаг. Өнөөдөр тэдгээрээс төлөөлөл болгож 10 гаруй ААН бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Энэ өдөрлөгт манай хэлтэс идэхтэй оролцож байна.

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн:

Монголын хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулж байгаа “Hunnu mall” цогцолбор маань үйлчилгээний соёлыг түгээсэн агууламж дундаас анхлан байгуулагдаж орчин үеийн стандартад нийцсэн бүх үйлчилгээ нэг дор цогц явуулж байна.

Өнөөдөр манай дүүргийн хэмжээнд том, жижиг 100 үйлдвэрлэл үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна.  Мөн ISO-г нэвтрүүлсэн томоохон хүнсний үйлдвэрлэгч байгууллагууд цөөнгүй байдаг онцлогтой юм. Тэгвэл өнөөдрийн энэхүү өдөрлөгт томоохон арав гаруй төрлийн аж ахуйн оролцож байгаа бөгөөд манай хэлтсийн хувьд хянаж шалгахаас илүүтэйгээр зөвлөгөө өгч, дэмжих ажлуудыг хийж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21898
0 эможи
keyboard_arrow_up