“Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалт Бээжин хотод эхэллээ
Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалтыг Бээжин хотод зохион байгуулж байна. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Элчин сайд Ц.Сүхбаатар, Бээжин хотын орлогч дарга Чэн Гань, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С. Очирбат болон НИТХ-ийн төлөөлөгчид оролцож байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих, хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчдыг татах зорилго бүхий уг уулзалтад Монголын талаас 29 аж ахуйн нэгжийн 60 гаруй, БНХАУ-ын Төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй компанийн 60 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Уулзалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ц.Сүхбаатар нээж үг хэллээ. Тэрээр уулзалтад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсээд, өнөөдрийн уулзалтаар түншээ олох, хамтран ажиллахад Элчин сайдын яам бүх талаар туслах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг нийслэлээс шийдэж байна. Цаашид борлуулалт болон бусад асуудалд байж болох бүх хэлбэрээр дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх боломжийг ханган ажиллана” гэлээ.
Бээжин хотын орлогч дарга ноён Чэн Гань “Улаанбаатар хот бол дэлхийн хурдтай хөгжиж буй хотуудын нэг. Хөрөнгө оруулалтын сайн орчин, боломж байгаа гэж би бодож байна. Энэ уулзалтад оролцож байгаа манай компаниуд Бээжин болоод бусад хотын дахин төлөвлөлтөд ажилласан туршлагатай компаниуд. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамтран чин сэтгэлээсээ, хүчин чармайлттай, чанарыг эрхэмлэж оролцоорой гэж би хүсч байна” гэв. Уулзалт нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулгаар үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.