ХУД-ИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС: Та өөрийгөө хяна, бид зөвлөж, туслаж, дэмжиж ажиллана
Хан- Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүргийн талаар яриагаа эхлүүлье.
Манай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор нийлээдгүй олон ажил хийж байгаа бөгөөд тэрний нэг нь“Ил тод хяналт”-ыг иргэдэд хүргэх зорилготойгоор томоохон ажлуудыг зохион байгуулан хийж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон тандалт судалгаа хийх байдлаар хяналт шалгалтын арга барилыг өөрчлөн ажиллаж байгаагаараа ихээхэн онцлогтой.
-Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүрэг нь хяналт шалгалт шүү дээ. Танайх хяналт шалгалтаа хэрхэн зохион байгуулдаг вэ?
Ерөнхийдөө хяналтын үйл ажиллагааг жилээр нь төлөвлөдөг. Нэгдүгээрт, төлөвлөгөөт хяналт шалгалт. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг эрсдэлээр нь ангилж хяналт шалгалт хийх хугацаа нэрсийг гарган төлөвлөх. Хоёрдугаарт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт бөгөөд иргэн аж ахуйн нэгжийн хүсэлт, гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг тогтмол явуулж байдаг. Түүнчлэн урьдчилан сэргийлэх хяналт, тандалт судалгаа, шинжилгээтэй хяналт гэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг хийж хэрэгжүүлж байдаг.
Аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц мэргэжил арга зүй туслалцаа үзүүлж, цаашид үүсэх эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай.
-Хяналт шалгалт гэхээр л иргэд маань буруу ойлгоод байдаг та энэ тал дээр тодруулга өгнө үү?
Тийм шүү. Энэ ойлголтыг зөв болгох үүднээс бид хяналт шалгалтын арга барилаа өөрчилж аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц мэргэжил арга зүй туслалцаа үзүүлж, цаашид үүсэх эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай болоод байна. Ингэснээр хяналтын байгууллага болон аж ахуйн нэгжийн уялдаа сайжирч иргэд аюулгүй бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
Хяналт шалгалтыг ил тод нээлттэй болгох үүднээс аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг Засгийн газрын цахим бүртгэлд оруулж мэдээллийн нэгдсэн сан үүсгэж байна. Ийнгээд хяналт шалгалт бүрийг батлагдсан хяналтын хуудсаар шалгадаг болсон нь аж ахуй нэгж өөрийгөө ч үнэлэн бүртгэх боломжыг бүрдүүлж байгаа. Нөгөө талаас тухайн аж ахуйн нэгжийн зөрчлийг ил болгож байгаа хэлбэр юм. Өмнө нь байцаагчид аж ахуйн нэгжүүдэд янз бүрийн шаардлага тавих тохиолдол гардаг байсан бол одоо батлагдсан хяналтын хуудсаар шалгалт хийгдэх болсноор аль аль талдаа шалгуур үзүүлэлтэнд тохируулах тал руу зорьж ажиллах сайн талтай юм. Энэхүү үйл ажиллагааг бид иргэд аж ахуйн нэгжүүдэд ойлгуулах зорилгоор сарын аянуудыг зохион байгуулаад явж байна.
-Тэгвэл энэ сар танай байгууллагын зүгээс ямар аян өрнүүлж байна вэ?
Дөрөвдүгээр сард “ХҮНИЙ ТӨЛӨӨ-ЗӨВ ТУС” аяныг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хийсэн бол тавдугаар сарыг “Эрүүл хүнс-Эрүүл хөрс” аянг эхлүүлээд байна. “Эрүүл хүнс-Эрүүл хөрс” аяны хүрээнд манай дүүрэг томоохон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байж байна.
-Энэ сарын аяныхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Хан- Уул дүүрэгт Монголын томоохон хэмжээний хүнсний үйлдвэрлэгч нар төвлөрсөн байдаг ба дүүргийн 50 жилийн ой, “Эрүүл хүнс-Эрүүл хөрс” аяны хүрээнд “Та шалга бид зөвлөе” нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар хөтөлбөрөө боловсруулж байна. Энэ ажлын зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг сурталчилах, бизнесийг дэмжих, ард иргэддээ эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг олгох, хүнсний зөв зохистой хэрэглээний соёлд сургах түүнчлэн дүүргийн түүхэн замналын талаар танилцуулахад оршиж байгаа юм. Өдөрлөгийн үйл ажиллагааг манай хэлтсээс гадна Дүүргийн Тамгын газар, Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид хамтарч зохион байгуулах юм.
-Өдөрлөг хаана хэзээ болох вэ?
Өдөрлөг маань энэ Пүрэв гарагт буюу 5-р сарын 14-ний өдөр Hunnu Mall-д болно.
Өдөрлөгийн хүрээнд “Hunnu mall”-ын стандартын үйлчилгээний талаарх танилцуулга хийгдэнэ. Учир нь “Hunnu mall” нь Монгол улсын хэмжээнд томоохон зай талбай бүхий стандартын дагуу анхлан байгуулагдсан худалдаа үйлчилгээний байгууламж юм. Үүнийг нийслэлийн удирдлагууд, ард иргэддээ танилцуулах зорилго агуулж байгаа. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулж байгаа үйлдвэр, аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ сурталчилах үзэсгэлэн болохоос гадна байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
-Өдөрлөгийн ач холбогдол нь юу вэ?
Хяналтын байгууллага үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтын ажиллагааг сайжруулсанаараа эрүүл хүнсийг ард иргэдэд нийлүүлэх томоохон боломж байдаг гэдгийг ойлгуулах зорилготой байгаа.
Нөгөө талаас иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр өөрөө хариуцлагатай байж хэрэглэж буй хүнсэндээ хяналт тавих боломжтой байдаг. Тухайлбал, хаяг шошгын зөрчилөөс эхлүүлээд , хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, зөв шошгологдсон, илчлэг, бүтээгдэхүүний орц найрлагыг харах гэх мэтчилэн ямар хүнсээр дамжуулж эрүүл мэнддээ ач холбогдол өгөх ёстой вэ гэх зэрэг мэдлэг олгох зүйлүүдийг хөгжөөнт хэлбэрээр ойлгуулах явдал юм.
Өдөрлөгийн үеэр Аж ахуйн нэгжүүд өөрсдийн онцлог болон стандартын хэрэгжилт, дотоод хяналтын үйл явцынхаа талаар бусдад туршлагаа хуваалцсан сургалтуудыг төрөл бүрийн хэлбэрээр явуулахаар болсон. Мөн аж ахуйн нэгжүүдэд зориулсан ном гарын авлага тараах ажил зохион байгуулагдах, иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөгөө зөвлөмжүүдийг хүргэх гэх мэтчилэн олон үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөж байна.
Одоогоор өдөрлөгт томоохон компаниудыг төлөөлүүлэн 11 газрыг оролцуулахаар тохирчоод байгаа. Мөн бусад жижиг дунд үйлдвэрлэгчдээс үйл ажиллагааг дэмжиж оролцох саналууд ирж байна. Бид үүнийг бас харгалзан үзнэ. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд сургалтын үйл ажиллагаа болон бусад чиглэлийн ажиллагаанд хамтарч оролцох урилгыг хүргүүлсэн ба энэ нь бүгдэд нээлттэй байх болно.
-Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөх чиглэл рүү анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай санагдаж байна шүү.
Одоо үйлдвэрлэгч, хэрэглэгч, хяналтын байгууллагын байцаагч аль аль нь өмнөх сэтгэлгээгээ өөрчлөх цаг нь болчихоод байгаа юм.
Одоо үйлдвэрлэгч, хэрэглэгч, хяналтын байгууллагын байцаагч аль аль нь өмнөх сэтгэлгээгээ өөрчлөх цаг нь болчихоод байгаа юм. Одоогоор хүмүүсийн ерөнхий мэдлэг, мэдээлэл соёл өөрчлөгдөн дээшилсэн байна. Тиймээс эрүүл хүнс хэрэглэх хүсэлтэй болчихсон, тэрхүү хүсэл шаардлагад нь зориулсан хүнсийг үйлдвэрлэгчид хэрэглэгчийнхээ таашаалд нийцүүлэн эрүүл хүнсээр хангах үүрэг хүлээж байна. Нөгөө талаас мэргэжлийн хяналтын байцаагч нар ч хяналт шалгалтын аргаа өөрчилж торгож шийтгэхээс илүүтэй зөвлөх, туслах, мэдэхгүй байгаа зүйлийг нь мэдүүлж ойлгуулах, гаргаад байдаг зөрчлүүдийг дахин гаргуулахгүй байхын тулд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх тал руу шилжиж байна.
Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын талаарх зөв мэдээллийг иргэдэд түгээх зөв үйлсэд тань амжилт хүсье.