Б.Даваажав: Хан-Уул дүүрэгт хэд хэдэн сургууль-цэцэрлэгийн цогцолбор баригдана

2015 оны 5 сарын 13

Хан-Уул дүүрэгт 2015 онд хийгдэж буй дэд бүтэц, тохижилтын ажлаас гадна шинээр ашиглалтанд орох бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын талаар дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажавтай ярилцсанаа хүргэж байна.

 

-Энэ жил Хан-Уул дүүргийн 50 жилийн ой тохиож байгаа. Ойгоо угтаад ямар ажлууд хийгдэж байна вэ?

Энэ жил Хан-Уул дүүргийн хэмжээнд 50 жилийн ойгоо угтаад дүүргийн болон нийслэл, орон нутгийн хөрөнгөөр нилээд ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэн бэлэг барихаар ажиллаж байна. Тухайлбал, шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтанд орох, зам засварын ажил, гэрэлтүүлэг тохижилтын ажлууд гэх мэт олон төлөвлөгөөт ажлууд хийгдээд явж байна.

Яармагийн хэсэг дээр өнгөрсөн жил хийж байсан бүрэн гэрэлтүүлгийн ажил энэ ондоо  үргэлжилж явахаас гадна Нисэхийн гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил өнөөдрийн байдлаар 60 хувьтай явж байна. Мөн Морингийн болон Нисэхийн цаад талын гэрэлтүүлгийн ажлын бэлтгэлтэй миний бие газар дээр нь очиж танилцаад зохих хууль журмын дагуу 5 дугаар сарын 1-нээс ажлаа эхлэх боломжтой гэж үзсэн. Энэ нь Биогоос наашаа Яармаг хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй болж байна гэсэн үг.

-Танай дүүргийн хувьд зам засварын ажлууд идэвхтэй өрнөдөг. Тухайлбал, өнгөрсөн жил Яармагийн, Богд уулын арын гэх мэт томоохон замууд ашиглалтанд орсон. Тэгвэл энэ жил шинээр ямар зам засварын ажлууд хийгдэх үү?

Хийгдэлгүй яахав. Яармагийн хэсэг буюу 4 дүгээр хорооноос (Viva city хороолол байдаг) цааш Туул голоо дагаад Сонсголон хүртэлх 4.4 км замын ажлыг эхлэх гээд бэлтгэл ажил нь хангагдаад явж байна. Энэ бол том ажил.

Шинэ Яармаг хороолол баригдахаар ажил нь эхэлчихсэн явж байгаа.

 Тэгэхээр энэ шинээр баригдах хорооллын дэд бүтэц, цэвэр бохир ус гээд бүх л асуудлыг шийдэх гээд бэлтгэл ажлууд их л байна. Үндсэндээ энэ ондоо уг томоохон ажил хийгдэнэ.

Үүнээс гадна 118 дугаар сургуулиас хойш шинэ Яармагийн замтай холбогдох 1.2 км замын ажил бас байна. Энэ нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Худалдан авах ажиллагааны газраар тендер нь зарлагдаад бэлэн болсон.

Замын хувьд шинээр тавихаас гадна зам арчилгааны ажил гэж ихээхэн хөрөнгө шаарддаг ажил бий. Одоо гадаа шөнөдөө хасах градустай хонож байгаа учраас гадна талын фасадны ажил эхлэх арай болоогүй байна. Өнгөрсөн жил 8 дугаар хороонд шинэ цэцэрлэг ашиглалтанд орсонтой холбогдуулан эргэн тойрны тохижилт, замын ажил үргэлжлээд явж байна.

Энэ жил 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай зам засварын ажлууд хийгдэнэ.

-2015 оны хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг багцлаад тоон үзүүлэлтээр хэлэхгүй юу?

2015 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, хороодод хийх Ажлын жагсаалт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдана. Ажлын жагсаалтанд нийтдээ 20 гаран төрлийн ажил байгаа бөгөөд төсөв хийгдэнэ. Жагсаалт батлагдангуут ажлууд эхлээд явна. Тендер зарлах шаардлагатай ажлууд нь тендер зарлагдаж, шаардлагагүй нь зарим ажлууд нь иргэдийн бүлэгүүдээр шууд хийгдээд явчихна. Өөрөөр хэлбэл, 20 саяын доторхи ажлыг цаг алдахүйгээр Иргэдийн бүлгээр хийлгэхээр болсон. Харин бүтээн байгуулалтын мэргэжлийн хүн шаардсан ажлуудыг тендер зарлаж мэргэжлийн байгууллагуудаар хийлгэдэг.

-Иргэдийн хувьд тулгамдсан асуудлын нэг бол цэцэрлэг, сургуулийн хүртээмж байдаг. Тэгвэл энэ онд шинээр ашиглалтанд орох сургууль, цэцэрлэг байгаа юу? 

Дүүргийн хэмжээнд яг одоогоор хэд хэдэн сургууль цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байна. Жишээ нь, 10,16 дугаар хороон дээр бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 10 дугаар хорооны 240 хүүхдийн цэцэрлэг, 14 дүгээр хорооны Гавжийн Шандын сургууль-цэцэрлэгийн цогцолбор ажлын барилга, 32 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил хийгдэж байна. Ирэх хичээлийн жил эхлэхэд барилгын ажлуудаа дуусгачих төлөвлөгөөтэй шахуу л ажиллаж байна. Шинээр энэ жилээс Зайсангийн ХААИС-ийн хашаан дотор нийслэлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барихаар төлөвлөөд, ажил нь ерөнхийдөө эхэлчихсэн. Мөн дүүргийн Соёлын ордны урд байрлах 27 дугаар цэцэрлэг нь нилээн дээр үеийн барилга учраас чанарын шаардлага хангахаа больсон. Тэгэхээр хуучин барилгыг буулгаад суурин дээр нь өмнөхөөс олон хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг барихаар тендер нь зарлагдаад явж байна. Ер нь бидний хүсэл бол бүгдийг нь нэг ч болтугай өдрийн өмнө дуусгахаар л зорьж ажиллаж байна.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

                                                                                           

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21784
0 эможи
keyboard_arrow_up