Улаанбаатар, Ром хотууд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотын дарга Игнацио Мариногийн урилгаар 2015 оны 5-р сарын 5-6-ны өдрүүдэд Ром хотод айлчлав.
Ром хотын засаг дарга Игнацио Марино Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл нар хоер хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ром хотын бизнес эрхлэгчидтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, Ром болон Улаанбаатар хотуудын хооронд хамтран ажиллах тухай “Санамж бичиг” байгуулахаар тохирлоо.
Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Ром хотын Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Марта Леонори болон Италийн Микрокредит банкны Ерөнхийлөгч Марио Баччини, Италийн Архитектурын холбооны Ерөнхийлөгч Артуро Сакки, Монгол-Италийн ЗГХХК-ийн Италийн хэсгийн орлогч дарга Амадео Тети нартай уулзаж, хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Мөн уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Ром хотын дарга Игнацио Мариног тааламжтай цагтаа Улаанбаатар хотод айлчлахыг урьлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.