Монголын соёл, урлагийг Солонгосуудад сурталчиллаа
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг энэ сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж, Сөүл хотын дарга Пак Вон Сун тэргүүтэй албаныхантай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд харилцаагаа улам бэхжүүлэн өргөжүүлэх хэлэлцээрүүдийг хийсэн юм. Айлчлалын багт нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал тэргүүтэй холбогдох албаныхан байлцлаа. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг улам хурдацтай өргөн хүрээнд хөгжүүлэх чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд Сөүл хотын төв талбайд “Улаанбаатарын өдөр” болон “Сөүл Фрэндшип Фэйр” наадмын хэмжээ, урлагийн тоглолтыг зохион байгуулсан юм. Энэхүү тоглолтыг төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж, тоглолтод МУГЖ Н.Амгалан, Ж.Алтанцэцэг, Ө.Уянга, Г.Ариунбаатар, дуучин С.Наран, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, хөгжмийн зохиолч, продюссер Б.Чинбат зэрэг дуучид болоод Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга,Улсын филармони, “Домог”, “Арга билиг” зэрэг хамтлаг тэргүүтэй урлагийнхан оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр хот нөхөрлөөд 20 жил өнгөрч, хоёр орны харилцааны төвшинд ч энэхүү найрсаг харилцаа маань томооохон байр суурийг эзлэж байна. Манай хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа нь ард иргэдийн хороондын харилцаанд мөн ач тус өгөөжөө багагүй өгсөн. Манай хотын хувьд Сөүл хоттой хамтран ажиллахадаа их зүйлийг сурж, багагүй туршлага судлаж байгаа юм. Улаанбаатар хот “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаад дотоодын жуулчдын аюулгүй байдал, тав тухтай орчныг бүрдүүлж аялж байгаа жуулчдад зориулсан үйлчилгээ, бүтээгдэхүүн хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Ах дүүгийн найрамдалт харилцаат БНСУ, Сөүл хот-ын иргэд, бизнес эрхлэгчдэд манай хотын үүд хаалга нээлттэй байх болно” хэмээн онцлон хэлсэн юм.
Харин Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд “Айлчлалын хүрээнд Сөүл хотноо жил бүр зохион байгуулагддаг соёлын яармагт манай улсын уран бүтээлчид эх орноо сурталчилж, яармагт оролцож байгаа олон орны зочид төлөөлөгч нарт эх орноо таниулж байгаад таатай байна. Өнгөрсөн хугацаанд манай хоёр хотын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг хөгжүүлэх, оюутан, багш, боловсон хүчний солилцоо гээд байгаль экологийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлд түлхүү хамтарч ирсэн. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хотын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Улаанбаатар хотын ухаалаг хот болгон хөгжүүлэх, хотын дэд бүтцийг хөгжүүлэх, барилгын дэд бүтэц, гэр хорооллын дахиж төлөвлөлт зэрэгт түлхүү тусламж үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо” гэлээ.
Мөн нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл “Сөүл хотод жил бүр зохион байгуулагддаг “Hi Seoul” арга хэмжээ энэ удаад “Сөүл Фрэндшип Фэйр” уриан дор зохион байгуулагдаж байна. Мөн энэхүү олон улсын фестивалийг “Улаанбаатар” хотоор эхэлж, манай улсын уран бүтээлчид тоглолтоо хүргэж байгаар онцлогтой байна. Манай улсын Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармонийн уран бүтээлчид болон рок, поп урлагийн төлөөлөл гээд 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг эх орноо сурталчилж байна” гэсэн юм.