Хан-Уул дүүрэг халагдсан дайчидаа ажлын байранд зуучилна
Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Цэргийн штаб "Герман-Монголын МСҮТ" -ийн хамтран халагдаж ирсэн цэрэг дайчдад мэргэжил эзэмшүүлэх түр сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү мэргэжил олгох сургалтын талаарх мэдээллийг өнөөдөр Хан-Уул дүүргийн төв байранд зохион байгуулсан бөгөөд Герман монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн менежер Ч.Лхагвадорж, Хан-Уул дүүргийн цэргийн штабийн дарга, хурандаа Ч.Батхүрэл , тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Н.Лхагвадулам, цэргийн штаб, зэвсэгт хүчнээс халагдаж ирж байгаа цэргүүдийг төлөөлж Зэвсэгт хүчний 120-р ангийн байлдагч н. Түвшинтөгс болон шинээр цэрэг таталгад хамрагдсан цэргүүд оролцлоо.
Сургалтын зорилго нь халагдаж ирсэн цэргүүдэд мэргэжлийн үнэмлэх олгож ажлын байртай болгох бөгөөд тус сургалтыг энэ сарын 19-20-нд зохион байгуулах юм байна.
Харин Герман монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Цахилгаан гагнуур, Аргон гагнуур, хагас автомат гагнуур, Хийн гагнуур, Цахилгаан хагас автомат хосолсон гагнуур, Плазм огтлогч зэрэг мэргэжлийн түр сургалт явуулж, олон улсын хэмжээний үнэмлэх сертификат олгох ба цаашид мэргэжлээ дээшлүүлэн суралцаж зэрэг ахиулах бүрэн боломжтой юм.
Хан Уул дүүргийн цэргийн штабийн дарга, хурандаа Ч.Батхүрэл: Герман монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран цэргээс халагдаж ирж байгаа цэрэг дайчидаа ажлын байраар хангах бүрэн боломж нээгдэж байна. Мөн халагдаж ирж байгаа зарим дайчид маань аж ахуй эрэхлэх сонирхолтой байдаг учраас тэдэнд зөвөлгөө өгч тусалж байгаа. Одоо энэ үйл ажиллагаанд оролцож байгаа цэргүүд нь зэвсэгт хүчнээс халагдаж ирж байгаа цэргүүд болон энэ таван сард цэрэг таталгад хамрагдсан цэргүүд байна.