Аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлалаа

2015 оны 4 сарын 23

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлалаа. Уралдаан нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилготой юм.

Болзолт уралдааныг энэ сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны  өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байгаа бөгөөд нийслэлээс 52 ажлын хэсэг гарч, дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний ажилтай танилцаж тогтмол хяналт тавьж ажиллана.

Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага,  эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт  бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл харгалзахгүйгээр хамрагдах юм.

Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг худалдааны салбарт 7 ангиллаар 22 төрлийн номинаци, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 4 ангиллаар 16 төрлийн  номинаци, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 4 ангиллаар 8 төрлийн номинаци, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 13 ангиллаар 17 төрлийн номинаци, төрийн болон төрийн бус байгууллага, бусад салбарт 13 ангиллаар 24 төрлийн  номинаци, нийт 41 ангиллаар 87 номинацийг  шалгаруулах юм.

Шилдэг тохижилттой, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах ажлыг 3 үе шаттай явуулна. Нэгдүгээр шатанд салбарын ангилал тус бүрээс 20 шилдэг тохижилттой,  цэмцгэр байгууллага буюу 820  байгууллагыг  шалгаруулна. Шалгарсан 820 байгууллагын жагсаалтыг ubservice.mn сайтад байршуулж иргэдээс санал авах юм.  Хоёрдугаар  шатанд нэгдүгээр  шатнаас шалгарсан 820 байгууллагаас сар бүр авсан “Смайл” наалтын тоо, иргэдээс цахимаар ирүүлсэн санал, ажлын хэсгээс ирүүлсэн баталгаажсан баримт материал, саналыг тус тус үндэслэн 174 байгууллагыг  шалгаруулна.

Гуравдугаар  шатанд дээрх 174 байгууллага, аж ахуйн нэгжийг “Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж 41 ангиллаар 87 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21076
0 эможи
keyboard_arrow_up