"Маркетингийн Менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөн-2015" өнөөдөр болно
Орчин үеийн менежментийг үндэслэгч Питер Дракер аливаа бизнесийн байгууллагад маркетингийн үндсэн чиг үүрэг бүхий нэгж, алба зайлшгүй байх шаардлагатай гэж үздэг. Мэдээллийн технологийн эрин зуунд маркетингийн арга, хэрэгсэл, дэд бүтэц, агуулга, технологи улам баялаг болж сонгодог маркетингийн онол, практик орчин үеийн мэдээллийн технологитой хөл нийлүүлэн асар хурдтай хөгжиж байна. Худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа монголын компаниудын хооронд зах зээлийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр маркетингийн шинэ хүчтэй арга, хэрэгслийг ашиглан давуу байдал олж авах, хадгалах, үүний тулд мэргэжлийн маркетингийн шилдэг ажитнуудаас бүрдсэн алба, нэгжийг байгуулах, тэднийг өөрчлөгдөн хувьсч байгаа шинэ нөхцөлд ажиллах ур чадварыг байнга хөгжүүлж сургах шаардлага бий болж байна.
Эм Эл Си Трейнинг ХХК-аас 2012 оноос эхлэн монголын компаниудын маркетингийн менежерүүдэд зориулан жил бүр “Бие Биенээсээ Суралцая” уриан дор маркетингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран Маркетингийн Менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн Маркетингийн Менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөн 2015 оны 4 сарын 17-ны Баасан гаригт Хаан банкны “Хаан театр”-т боло юм.
Энэ удаагийн Зөвлөгөөний хөтөлбөр өмнөх жилүүдийн хөтөлбөрөөс онцлог бөгөөд маркетингийн олон улсын шинэ чиг хандлага, цахим технологи, арга хэрэгслийн талаар салбарын мэргэжилтнүүдэд мэдлэг олгох, үзэл бодлоо солилцох, туршлага хуваалцах, мэргэжил нэгт салбарынхныхаа тулгамдсан асуудлаар санал солилцож харилцан гарц гаргалгааг хамтран олоход туслах зорилготой юм.